Монгол-Оросын сэтгүүлчид шууд харилцах мэдээллийн талбартай болов

Админ
2020/12/17

Монгол Улс, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын  чуулга уулзалт өчигдөр, 12 сарын 15-нд Улаанбаатар хотноо цахимаар боллоо. Уулзалтыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа" сэдвийн дор Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МНСЭ) хамтран зохион байгуулж, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Бүх Оросын сэтгүүлчдийн холбоо  оролцлоо. Уулзалтад Монгол Улсаас МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, Монголын сайтын холбоо, МУИС, Орхон, Говь-Сүмбэр, Дундговь аймаг дахь МНСЭ-ийн салбарын төлөөлөгч сэтгүүлчид, ОХУ-аас "Комсомольская правда", "Алтайская правда" зэрэг томоохон сонин, "Байкаль Дейли" сайт, Москва, Новосибирьск, Улаан-Үд, Братск хотын сэтгүүлчдийн төлөөлөл зэрэг хоёр орны хэвлэл мэдээллийн 128 байгууллагын төлөөлөгч оролцлоо. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар болон ОХУ-ын Буриад улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газраас цахимаар холбогдон мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уулзалтад оролцогчид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой чухал үүрэгтэйг онцолж, ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 10 жилийн ойг угтан харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжүүлэхийг онцолж, хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд харилцах мэдээллийн "Байкаль" төв болон цахим талбарыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэд нээсэн юм. Уулзалтын үеэр "Ховдын мэдээ" сонин "Алтайская правда" сонинтой, Орхон аймгийн телевизийн холбоо ОХУ-ын Буриад улсын телевизийн мэдээллийн "Ариг ус" нэгдэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна