Л.Зэндмаа: Баянзүрх дүүргийн эмнэлэгт 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг ажиллана

Админ
2020/12/18

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа. -Баянзүрх дүүрэгт илэрсэн тохиолдлуудын явсан маршрутыг тодорхой хэлж өгнө үү. Ер нь ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажил ямар байна вэ? -А.Амбасэлмаа: Батлагдсан хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн Б корпуст хэвтэн эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Коронавирус илэрсэн нэг  хүн нь энэ сарын 9-15-нд хэвтэн эмчилгээ хийлгээд гэртээ гарсан байсан. Гэртээ өвөөтэйгээ амьдардаг, гадуур огт яваагүй. Хойноос нь мөшгин тусгаарлаж хавьтлуудыг нь судалж байна. Харин нөгөө тохиолдол нь энэ сарын 11-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд өөр тийш гараагүй. Эхний ээлжинд ойрын хавьтлын 69 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Хоёр дахь хавьтлын 200 гаруй хүнийг мөн тусгаарлаад байна. Цаашид тандан судлах ажил үргэлжилнэ.  -Тус дүүрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? Л.Зэндмаа: Баянзүрх дүүрэгт коронавирусний тохиолдол бүртгэгдсэнээр бид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулсан. Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх байгууллага. Тиймээс амбулаторийн үзлэг дүүргийн Эрүүл мэндийн төвөөр хэвийн явна. Харин хэвтэн эмчлүүлэх 100 ортой хүлээн авахын тасаг ажиллаж байна. Үүнд хүүхдийн 20 ортой тасаг, насанд хүрэгчдийн 80 ортой тасаг ажиллана. Өвчтөнүүдийн тоо нэмэгдвэл Энэрэл болон АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтүүлэх төлөвлөгөө гаргасан. Гемодиализын аппараттай 8 иргэн байдаг. Тэдгээр иргэд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт аппаратад орохоор зохицуулсан. Мөн яаралтай түргэн тусламж шаардлагатай тохиолдолд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнийг хүргэхээр зохицууллаа. -Шинэ тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан нь Улаанбаатар хотын хаанаас ч коронавирусний халдвар илэрч болно гэсэн үг үү? -А.Амбасэлмаа: Агаар дуслын замаар дамждаг цар тахал амар дарагдахгүй, 2-4 сарын хугацаанд үргэлжилдэг. Өвчлөл 11  дүгээр сарын эхээр эхэлж, 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжилж, бид амжилттай голомтыг хумьж байна. Үргэлжлээд бидэнд дахин хоёр сарын хугацаа бий. Алаг цоог, энд тэндээс гарч байгаа өвчлөлийг улсын хэмжээнд тархаахгүй байхын тулд халдвар гарсан тухай бүрт нь голомтыг хязгаарлаж явах нь мэргэжлийн байгууллага, ард иргэдийн эрхэм чухал үүрэг. -Д.Нарангэрэл: Амьсгалын болон ахуйн хавьтал буюу өргөн замаар халдвар дамжиж байгаа энэ үед хүн бүр эрсдэлтэй. Тиймээс өөрийгөө хамгаалах арга хэмжээг маш сайн авах зайлшгүй шаардлагатай. АНУ-ын эрдэмтэд амны хаалт зүүснээр коронавирусээс 98 хувь хамгаална гэж тогтоосон. Гэтэл одоо гарч буй вакцинууд 92-95 хувь хамгаална гэж үзэж байгаа юм. Тиймээс вакцинаас илүү найдвартай хамгаалалт нь амны хаалт байна. Амны хаалтаа сайн зүүх нь хямд төсөр сайн арга гэдгийг олон эрдэмтэд нотолсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна