Хэрэглэсэн маскаа дахиж зүүх нь огт маск зүүхгүй байхаас ч илүү хортой

Админ
2020/12/18

Массачусетсийн Лоуэллийн Их Сургууль болон Калифорнийн Баптист Их Сургуулийн эрдэмтэд хамтран коронавирусийн халдвараас сэргийлэхэд маск хэр их үр нөлөөтэй болохыг нарийвчлан судалжээ. Тэд гурван давхар бүхий нэг удаагийн мэс заслын маскыг туршиж үзэхэд коронавирусийн халдвар агуулсан агаарын жижиг дуслуудыг 65 хувь шүүж байжээ. Харин нэг удаа хэрэглэсэн маскыг дахин зүүхэд халдвараас хамгаалах хэмжээ нь 25 хувь болж буурсан байна. Маскыг зүүх бүрд хэлбэр нь өөрчлөгдөж, сунадаг тул хуучин маскын хамгаалах чадвар хэдэн дахин сул байдаг аж. Тиймээс маскны шинэ загвар гаргах, хамгаалах чадварыг хэмжихдээ хэлбэрийг нь анхаарч үзэх шаардлагатайг судлаачид онцолжээ. Мөн хэрэглэсэн маскаа олон дахин зүүх нь огт маск зүүхгүй байхаас ч дор хамгаалалт болно гэдгийг анхааруулжээ. "Хүмүүс шинэ ч бай хуучин ч бай маск зүүх нь огт зүүхгүй байхаас дээр гэж бодож байж магадгүй. Гэхдээ агаарт буй халдварын жижиг дуслууд 5 микрометрээс том хэмжээтэй байгаа тохиолдолд л хуучин маск хамгаалж чадна. Харин 2.5 микрометрээс бага нарийн ширхэгт дуслууд хүний биед орохоос хамгаалж чаддаггүй нь бидний хийсэн судалгааны үр дүнгээс харагдсан" гэж Лоуэллийн Их Сургуулийн биоанагаахын инженерийн дэд профессор Жинсианг Си ярьжээ. Мэргэжилтнүүд гурван давхар мэс заслын маск зүүхийг ихэвчлэн зөвлөдөг. Ийм маскын дотор давхарга нь шингээгч материалаар хийгдсэн, дунд давхарга нь шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг бол гадна талын давхарга нь гаднаас ямар нэгэн шингэн нэвтрүүлдэггүй байх зориулалттай аж. Холбоотой мэдээлэл: Амны хаалтыг хэрхэн ЗӨВ, АЮУЛГҮЙ зүүх вэ? Эх сурвалж: Daily Mail


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна