АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн боловсруулсан коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгож, хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн бол тус улс өнөөдөр хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгох хурлаа явуулж байна.
Тодруулбал, клиникийн туршилтаар 94,5 хувийн үр нөлөөтэй байгааг тогтоосон АНУ-ын Moderna компанийн вакциныг Хүнс, эмийн удирдах газраас хэрэглээнд нэвтрүүлж эхлэх зөвлөмж өгчээ.
АНУ Moderna компаниас коронавирусийн эсрэг вакцины 200 сая тунг худалдан авахаар тохиролцсон бөгөөд зургаан сая тун нь Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл олгомогц тээвэрлэлтэд бэлтгэх аж.
Канад улсын засгийн газар Moderna компанийн вакцинаас нийт 56 сая тун авахаар төлөвлөж байгаагаас ирэх гуравдугаар сар гэхэд 2 сая тун авах юм байна. Их Британи урьдчилсан байдлаар 7 сая тун захиалжээ.
Тус вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж үзвэл Европын холбоо 80 сая тун худалдан авахаа зарласан. Мөн Япон улс 50 сая, Өмнөд Солонгос 20 сая, Швейцарь 7.5 саяыг захиалсан байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичигдээгүй байна