Т.Мөнхсайхан: Халдвар нийтийг хамраагүй, голомтолсон хэвээрээ байна

Админ
14 цаг 39 минутын өмнө

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар сэтгүүлчийн асуултад хариулж байна.

-Хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнийг энэ сарын 18-нд хааж 24-нд нээхээр төлөвлөж байсан. Цаашид хотоос гарах хөдөлгөөнийг нээх үү?

Я.Содбаатар: Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж 24 цагийн хугацаанд иргэдийн тодорхой хөдөлгөөн байх шаардлагатай гэж үзсэн. Өмнө нь хатуу хөл хорио тогтооход орон нутгаас хотод ирэх хүсэлтэй иргэдийн тоо 17 мянга давсан. Хотоос PCR шинжилгээ өгөөд гарсан хүмүүс гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаа. Гэхдээ халдваргүй аймгаас хот руу орох хөдөлгөөн 23-ны 06.00 цаг хүртэл хуучин журмаараа чөлөөтэй. Гарах хөдөлгөөн хаалттай байгаа ч PCR шинжилгээ өгсөн хүмүүс хотоос гардаг байсан. Харин халдвар голомтлон тархаж байгаа тул гарах хөдөлгөөнийг чангатгаж өнөөдөр 06.00 цагаас эхлэн хүнсний тээвэр, оршуулгын ажиллагаанаас бусад тохиолдолд хотоос гаргахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

Энэ хугацаанд тодорхой хэмжээний хүнс нөөцлөх асуудал гардаг. Гэхдээ нийтээрээ иргэд дараалал үүсгэж дэглэм алдахгүй байх гэж бодож байна.

-Халдварыг цурманд орууллаа гэж хөл хориог сулруулсан. Гэтэл Баянзүрх дүүрэг том голомт боллоо. Эрүүл мэндийн сайдын хэлснээр хоёрдугаар сар хүртэл эмнэлэг дүүрнэ гэж хэлсэн. Эрсдэлээ хэрхэн үнэлж байна вэ?

-Цурманд оруулах, коронавирсийг устгах гэдэг нь хоёр өөр асуудал. Анх халдвар голомтлон тархаж байх үед өдөрт 47 тохиолдол илэрч байсан. Тэгвэл хөл хорио сулруулсан буюу 12 дугаар сарын 14-нөөс өдөрт 1-2 тохиолдол илэрч байсан. Тухайн үед ойрын болон хоёрдахь хавьтлын гуравдахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэлтэй. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авах боломж бидэнд байгаа. Гэхдээ энэ удаагийн үүссэн голомт эмнэлэгт гарсан. Тухайн голомтын анхны тохиолдол нь анх шинжилгээ өгөөд эмнэлэгт хэвтсэн ч хэсэг хугацааны дараа халдвар илэрсэн. Энэ голомт өргөн хүрээг хамрах эрсдэлтэй гэж үзэж байгаа тул цар тахлын хэмжээнд хүргэхгүйн тулд  хөл хорио тогтоож байна. Халдварын голомт болж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас сүүлийн 3-4 хоногт халдвар илрээгүй. Анх үүсэж байсан голомтыг хумьж чадсан. Одоо бид шинээр үүссэн голомтыг хумих, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах нь чухал.

-ЭМЯ-наас ганц нэг халдвартай хүн явж байхыг үгүйсгэхгүй гэж ярьж байсан. Тэгвэл “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг цаашид өргөн хүрээнд явуулах шаардлагатай биш үү?

-Эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ ахлаад байнга хийж байна. Үнэлгээгээр халдвар нийтийг хамарсан тахал болох эрсдэлтэй тул хөл хорио тогтоох санал оруулсан. “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг нийслэлийн 415 мянган өрхөд явуулах нь утгагүй арга барил. Энэ халдварын тархалт бол нийтийг хамарсан цар тахал биш, голомтолсон хэвээрээ байгаа. Халдвар хаанаас үүсэж, хэнд халдсан, ойрын болон дам хавьтлууд тодорхой байгаа. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойрын болон дам хавьтлын 1500 хүнийг шинжилгээнд хамруулж 62 халдвартай хүнийг илрүүлсэн. Цаашид ойрын болон дам хавьтлыг олж тогтоон цаг алдалгүй тусгаарлах арга хэмжээ авснаар нийтийг хамарсан тархалт болгохгүй, шинэ голомтыг хумих боломж байгаа.

-Тусгаарлах байрны хүрэлцээ хангалттай бий юу? Я.Содбаатар: Тусгаарлах байрны хүрэлцээ муу байна. Зуны улиралд бид 100 гаруй байранд иргэдийг хүлээн авч байсан. Харин өвлийн улирал эхэлсний дараа Улаанбаатар хотоос гадна байдаг тусгаарлах байрнууд ажиллахад хүндрэлтэй болж байгаа. Бид дотоодын халдварын нөхцөл байдал харьцангуй боломжтой байгаа гэж үзээд гадаадад байгаа иргэдээ татан авах тусгай нислэг үйлдэж, 500 гаруй хүнээ авсан. Харин одооноос халдварын ойрын болон дам хавьтлуудын тусгаарлах байрны хүрэлцээ муудаж байгаа тул гадаадаас иргэдээ авах боломжгүй болж байгааг ойлгоосой гэж бодож байна. Дотоодын нөхцөл байдал гайгүй болвол иргэдээ авах болно. Нэг өрөөнд нэг иргэн, нэг өрөөнд нэг айл гэсэн зарчмаар журмуудаа өөрчилсөн. Дээрээс нь бид тусгаарлах бүх байранд камертай байх, нэг нислэгээр ирсэн иргэдийг 1-2 буудалд буулгадаг байх, өрөөнөөс гарах хөдөлгөөн үйлдвэл давхар давхарт нь зарлан мэдээлдэг байх зэрэг шалгуур тавьсан. Энэ дагуу тусгаарлах байрнууд шинээр тоноглох, хөрөнгө оруулалт татах ажил хийж байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар иргэдээ тусгаарлаж чадахгүйд хүрээгүй байна. -Мутацид орсон шинэ вирус Англид бүртгэгдсэн. Манайд бүртгэгдсэн коронавирус анх БНХАУ-д дэгдсэн вирустэй ижил байгаа юу. Эсхүл хувьссан байна уу? Т.Мөнхсайхан: Манай улс одоогоор вирусний генийн дарааллыг тогтоохгүй байгаа. -Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөр дүүргийн иргэн хэвтэн эмчлүүлж байсан тухай мэдээлэл бий. Энэ нь бусад дүүрэгт халдвар тархах эрсдэл үүсгэх үү? Т.Мөнхсайхан: Дүүргийн эмнэлгүүд бол нийслэлийн харъяа нэгдсэн эмнэлэг гэж явдаг. Энэ дотроо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг бол олон жилийн өмнө хувьчлагдсэн. Тиймээс энэ эмнэлэг харъяаны хүмүүсээ авах уу, өөр дүүргийн улсуудыг авах уу гэдэг нь өөрийнх нь асуудал болж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнээс гадна сахиурууд бий. Зөвхөн тухайн дүүргийн иргэн өвчтөнийг сахина гэдэг ойлголт байхгүй. Цаашдаа дүүргийн гэлтгүй бүх эмнэлэгт халдвар илрэх эрсдэлтэй гэж тооцож, бүх хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс шинжилгээ авч байсан. Шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлаад, PCR шинжилгээнд үндэслэн хэвтүүлдэг. Төрийн өмчийн эмнэлгүүдэд эргэлтийг хязгаарласан байгаа. Харин хувийн эмнэлгүүдэд эргэлтүүд орж гарч байсан тохиолдол бий. -Хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллах уу? -Хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэй бүлэгт орж байгаа тул энэ удаад ажиллуулахгүй. -Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 14 хоногийн хугацаанд тархалтыг хумих боломжтой юу? Т.Мөнхсайхан: Сүүлийн халдвар илэрснээс хойш нууц үеийн хугацаа дуустал буюу 14 хоног байхаар тооцсон. Энэ хугацаанд халдварын голомтыг бүгдийг хумина гэж хэлэх ямар ч боломжгүй. Халдвар цаашид ямар хэмжээнд тархсан бэ гэдгийг тогтоож байж хөл хориог дуусгах эсэхийг шийднэ. -Хүнсний хангамж хангалттай бий юу. Нарийн ногоо, өндөг хомсдож байгаа тухай мэдээлэл бий. Мөн Шинэ жилийн баяр ойртож байгаа тул иргэдийн хүнсний хэрэглээ өсөх хандлагатай байна? З.Мэндсайхан: Улсын хэмжээнд мах 47 хоног, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174 хоног, бүх төрлийн будаа 61 хоногийн нөөцтэй байна. Хуурай сүү 23 хоног, төмс 322 хоног, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43, өндөг 1 хоногийн нөөцтэй байна. Дотоодод халдвар илэрсний дараа БНХАУ-аас орж ирдэг хүлэмжийн ногооны импорт, манайх гаргадаг махны экспорт бүрэн зогссон. Үүнтэй холбоотойгоор ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг хилийн боомтуудын ажилтай танилцсан. Энэ сарын 17-ноос зөвхөн хүлэмжийн төрлийн ногооны импорт тогтворжсон. Өндөгний хувьд дотоодын аж ахуйн нэгжүүд өдөрт 520-550 мянган ширхэгийг үнийн өсөлтгүй нийлүүлж байгаа. Энэ нь манай хэрэглээг дийлэхгүй байгаа юм. Бид ОХУ-аас тийрээр буюу автомашинаар авдаг байсан бол Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг хязгаарласнаар вагоноор тээвэрлэдэг болсон. Өнөөдөр л гэхэд 4 вагон өндөг орж ирж байна. Хөл хорио тогтоосон ч хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллах тул хүнс хангамжийн тасалдахгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна