Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэр танилцуулах үеэр сэтгүүлчийн асуултад хариулав.
-Эмнэлгийн орны хүрэлцээ хангамж хэр байгаа вэ?
-Халдвартай хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, яармагийн эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орны нөөцийн хувьд, ХӨСҮТ-д одоо 73 хүн эмчлүүлж байна, цаашид 300 хүртэлх хүн эмчлэх боломжтой. Цэргийн төв эмнэлэгт 194 хүн байгаа, цаашид мөн 240 хүн хүлээн авах бололцоотой. Яармагийн эмнэлэгт 500 ор бэлдсэн бөгөөд 200 хүн эмчлүүлж байна. Орны нөөц одоогоор хангалттай бий.
-ХӨСҮТ-өөс Цэргийн төв эмнэлэг рүү өвчтөнүүдийг шилжүүлж байна. Халдвартай хүмүүсийг шилжүүлэх нь халдвар тараах эрсдэл биш үү?
-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийг 14 хоногийн дараа яармагийн эмнэлэг болон цэргийн төв эмнэлэгт шилжүүлж байна. Шилжүүлсний дараа эмчилгээний шинэ удирдамжийн дагуу 7 хоног ажиглан эмчилж байгаа. ХӨСҮТ-ийн хувьд хүн болон хүндэвтэр биеийн байдалтай 18 хүн байгаа. Хөнгөн хүмүүсийг яармагийн эмнэлэг рүү шилжүүлж байна. Тэдгээр хүмүүс 14 хоногийн эмчилгээ авсан. Ерөнхийдөө 14-өөш дээг хонож байгаа хүмүүс халдвар тараах эрсдэл бага болно. Одоо ХӨСҮТ-д байгаа хүнд, хүндэвтэр 18 хүн 14-өөс дээш хоносон. Тиймээс эдгээр хүмүүсийг зөөвөрлөхөд эрсдэл бага гэж үзсэн.
Бид ХӨСҮТ-д коронавирусний эсрэг эмчилгээ хийж буй тасгийг 100 хувь суллаж, дахин улаан, шар, ногоон бүсээр зохион байгуулж эмч эмнэлгийн ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр арга хэмжээ авна.
Өнгөрсөн 11 сарын хугацаанд тасралтгүй коронавирустэй хүмүүс эмчлүүлсэн тул нэг удаагийн ариутгал хийж, зохион байгуулалтын орчин, нөхцөлийг сайжруулах шаардлага байна.
-Эмч, ажилчдын цагийг буруу хуваарилсан, хэт их ачааллаас болж ядарч сульдаж, халдвар авах эрсдэл нь нэмэгдэж байна гэж харж байна?
-Орны даац хэтэрсэн, хэт их ачааллын улмаас халдвар авч байна гэж дүгнэж болохгүй. ХӨСҮТ-ийнхэн 11 сарын турш байнгын ажиллаж байгаа тул ядарч, сульдсан тохиолдол байгаа. УОК-оос гарсан ажлын багийн шалгалтаар халдвар хамгааллын дэглэм алдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна