ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монгол Улсад бүртгэгдсэн нийт голомтоос хэд нь бүрэн хумигдсан бэ?
-А.Амбасэлмаа: Монгол Улсад 11 дүгээр сарын 11-нээс коронавируст халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот, зургаан аймагт голомт бүртгэгдсэн. Анхны голомт аймгуудад кластер хэлбэрээр өвчлөл бүртгэгдсэн учир хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр зарим голомт хяналтад орсон. Тухайлбал, Говьсүмбэр, Архангай аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй. Тэгэхээр эдгээр аймаг 22 хоног халдвар бүртгэгдээгүй. Өмнө нь хэлж байсанчлан, халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт хатуу хөл хориотой, хатуу дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан эрсдэл бүхий хүмүүс олон байдаг учир 14 хоногт ойрын хавьтлыг тандан судалдаг. Үргэлжлүүлээд 14 хоногт хяналт тандалт хийх бөгөөд алаг цоог байдлаар халдвар гарах эсэхийг хянадаг. Тэгэхээр Говьсүмбэр, Архангай аймагт цаг хугацааны хувьд хяналт, ажиглалт хийж байна. Мөн Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 4-нөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй. 14 хоног халдвар бүртгэгдээгүй аймгуудад нууц үеийн хугацаа дууссан гэж дүгнээд хяналт тандалт хийж явна. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод өмнө гарсан голомтын 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаагүй. Үндсэндээ өмнөх голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан.
-Франкфуртын нислэгээр илэрсэн халдвартай тохиолдлууд нь Их Британид тархаад буй вирусний шинэ мутаци байж болзошгүй гэх таамаг нийгэмд үүсээд байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлэхдээ, Монгол Улс коронавирусний мутацийг илрүүлэх боломжгүй гэсэн. Энэ нь ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай холбогдох болов уу. Вирусний генийн дарааллыг тогтооход хэр их цаг хугацаа, ямар тоног төхөөрөмж шаардах вэ. Хамгийн гол нь вирусний мутацийг тогтоохгүйгээр вакцин захиалах ажил хийж байгаа нь хэр оновчтой вэ?
Д.Нарангэрэл: Шинэ мутацийн хувьд дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ДЭМБ-ын хэвлэлийн хурлаар сүүлийн үед мэдээлэл хийсэн. Англи улсаас гаралтай Дани, Швед болон Европ, цаашлаад Африкийн орнуудад шинэ мутацид орсон коронавирусний халдвар гарч, тархалт нь харьцангуй өндөр явж байна гэсэн судалгаа гарсан.
ДЭМБ-ын өчигдрийн мэдээллээр, Англи болон Европод шинэ мутацийн коронавирус халдварлаж байна. Африкийн орнуудад гарч байгаа нь арай өөр төрлийн вирус байна. Үүнийг судалж байгаа. Гэхдээ энэ бол коронавирусний мутацид орсон нэг хэлбэр гэж үзэж байгаа. Ер нь дэлхий дахинд Уханиас гаралтай коронавирус гарснаас хойш жижиг жижиг мутацид өөрчлөлт орж байсан. Гэхдээ Англи улсад гарсан вирус генийн мутацид орсон байж магадгүй гэж эрдэмтэд судалж байгаа. Европын орнууд болон ДЭМБ-тай хамтран өвчний хүнд, хөнгөн зэрэг, багцын үйлчлэх хэсэгт нарийвчилсан судалгааг хийж байгаа юм билээ.
Уханийн вирус гарснаас хойш дэлхий дахинд найман кластер багц байна гэж үзэж байсан. Манай орны хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр судалгаа хийж Европ руу явуулахад нэг нь бүртгэлд орсон. Энэ талаар Монголын вуруслогийн академич маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна