Сингапур улс “Pfizer” компанийн вакцин хүлээн авсан Азийн анхны орон боллоо

Админ
2020/12/23

Сингапур “Pfizer-BioNTech” компанийн коронавирусын вакцины эхний хэсгийг даваа гарагт хүлээн авснаар уг вакциныг нийлүүлж авсан Азийн анхны орон боллоо.

Коронавирусын эсрэг вакцины эхний хэсэг өнөө орой ирлээ гэж Сингапурын Засгийн газар мэдээлжээ. Бельгиэс вакцин тээвэрлэсэн “Singapore Airlines” компанийн нисэх онгоцыг “Чанги” нисэх буудалд Тээврийн сайд Онг Е Кунг угтан авчээ.

“Засгийн газар “Pfizer-BioNTech” компанийн вакциныг цар тахлын үед ашиглахыг зөвшөөрсөн. Вакцины эхний нийлүүлэлт энэ сарын эцсээр ирэх төлөвтэй байна” гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунг энэ сарын эхээр мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр, бусад вакциныг ирэх саруудад нийлүүлэх бөгөөд Засгийн газар ирэх оны гуравдугаар улирал гэхэд нийт хүн амаа дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцин авахыг зорьж байгаа ажээ.

Мөн вакцинжуулалтыг үнэгүй явуулах боловч иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэдгийг тэрбээр онцолжээ. Сингапур мөн “Moderna” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ.

5.7 сая орчим хүн амтай Сингапурт өнөөдрийн байдлаар халдварын 58 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь цагаач ажилтнуудын байранд илэрсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна