ХХААХҮЯ, ШӨХТГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны удирдлага, зарим ААН, мэргэжлийн холбооны төлөөлөл нарийн ногоо, жимс жимсгэний импорт, тээвэрлэлт, нийлүүлэлт, хангамжийн талаар өчигдөр уулзлаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөхцөлд Сүхбаатар-Алтанбулагийн боомтыг түр хугацаагаар хааж, Замын-Үүд боомтын ачаа тээвэр удааширч байгаагаас манай улсад орж ирэх жимс, нарийн ногооны импортын нийлүүлэлт, хангамж доголдоод байгаа юм. Энэ талын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хүн амын хэрэгцээнд нарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлт буурч үнэ огцом өссөн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээ авах” үүрэг чиглэл өгөөд байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр уулзалтад танилцууллаа.
Нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тонн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 2 тээврийн хэрэгсэл явж байгаа аж. Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдийн холбоо ТББ-ноос дээрх байдлыг нийлүүлэлт огцом буурч үнэ өсөх шалтгаан болж байна гэв.
Автотээврээр хийх ачаа тээвэр түр зогссоноор хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар шилжүүлэн тээх болсон ч нарийн ногоо нь тээврийн горим шаардагддаг эмзэг бүтээгдэхүүн байдаг учир вагоноор тээвэрлэх боломжгүй, хөлдөж хурдан мууддаг гэдгийг ААН-ийн төлөөлөл хэлж байв. Уулзалтаар энэ талаар хөндөн ХХААХҮЯ, ШӨХТГ, нийслэлийн Захирагчийн алба хэлэлцэн манай улсаас БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох 6 хөргүүртэй тээврийн хэрэгслийг буцаж орж ирэхэд нь нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжийг судалж шийдэхээр болов.
Мөн одоо нарийн ногоо тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, 10 болгох талаар тогтон, энэ талаар Замын-Үүд боомтод ажиллаж буй Шуурхай штабтай цахимаар холбогдон дээрх асуудлыг шийдэх талаар ярилцав. Уулзалтаар бизнес эрхлэгчдийг төлөөлж МҮХАҮТ Замын-Үүдийн шуурхай штабтай цахим хурал зохион байгуулж гарсан шийдвэрийг судлан боловсруулж өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-нд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт танилцуулахаар боллоо. Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нарын албаны хүмүүс, нарийн ногоо импортлогч "Хос билгүүн зул" болон "Наран трейд" ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна