Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн дийлэнх нь БНСУ-д байна

Админ
2020/12/24

Хилийн чанадаас эх орондоо яаралтай ирэх хүсэлт гаргасан 2000 хүний 1500 нь БНСУ-д байгааг ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.  Шинэ коронавирусний халдвар анх дэгдэж хилийн хөдөлгөөнөө нэгдүгээр сарын 27-ноос хааснаас хойш Монгол Улс нутаг буцах хүсэлтэй 27 729 иргэнээ татан аваад байгаа талаар мэдээлэлдээ тодотгов. Тодруулбал, агаараар дэлхийн 93 улсаас 111 тусгай нислэгээр, 21 мянга 92 иргэнийг татан авсан байна. Харин БНХАУ, ОХУ-ын хилээр 6637 иргэнийг эх оронд нь хүлээн авсан. Энэ сард УОК-ын шийдвэрээр 4 тусгай нислэгээр 542 иргэнээ татан авснаар энэ оны тусгай нислэг дууссан гэдгийг мэдээлэв. Өнөөдрийн байдлаар, гадаадаас нутаг буцах иргэдийн хүсэлтийг бүх ЭСЯ-аар тогтмол хүлээн авч буйг дурдаад, одоо дэлхийн 30 улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 2000 иргэн байгааг тэмдэглэсэн. Тэдгээрийн дийлэнх нь буюу 1500 орчим нь БНСУ-д байгаа монгол иргэд аж. Энэ сард үйлдсэн Улаанбаатар - Франкфурт чиглэлийн тусгай нислэгт нэг иргэн коронавирусний халдвартайн улмаас багтаж чадаагүй гэдгийг тодотгов. Энэ асуудлаар ХБНГУ-ын ЭСЯ-наас мэдээлэл гаргасан, мөн тухайн иргэн цахим орчинд мэдээлэл гаргасан хэмээв. Тухайн иргэний асуудлаар цахим орчинд ташаа мэдээлэл гарч байгаа тул энэ ташрамд залруулга хийхийг хүсэв. Тэрбээр, "ГХЯ болон ЭСЯ-наас тухайн иргэний эрүүл мэндийн нууц, хувийн нөхцөл байдлыг хүндэтгэж байсан тул дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байсан. Франкфуртэд үлдсэн иргэнд тусалж гэртээ байлгасан, нэрээ нууцалж буй иргэнд талархаж байна. Уг иргэнийг Чех рүү буцааж, дараагийн нислэг хүртэл тусгаарлах байранд оруулах санал тавьсныг зөвшөөрсөн. Өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг татан авах хүртэл санхүүгийн хүндрэлтэй үед нь тусалж байсан иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн халдварын гурав дахь давалгаа өрнөж буй энэ үед халдварын эрсдэлтэй бүс нутагт ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдад талархаж байна" хэмээв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна