Дани улсад коронавирусын эсрэг вакцинд тэсвэртэй мутац илэрчээ
Дани улсад коронавирусын халдварын батлагдсан нийт тохиолдлын 10 хувь нь вакцины үйлчлэлд илүү тэсвэртэй мутацад орсон вирус тээгчид болохыг тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх хүрээлэнгийн судалгаа харуулжээ.
“Ritzau Bureau” агентлагийн мэдээлснээр, N439K мутацад орсон вирусыг анх энэ оны тавдугаар сард Румын улсад бүртгэсэн бөгөөд өдгөө Европын хэд хэдэн улсад тархаад байна. Ялангуяа, Ирланд, Чех, Швейцарт энэ мутац өргөн тархжээ. Эл мутац эсрэг биетэд илүү тэсвэртэй болохыг Хятадын лабораториудад хийсэн судалгаа баталж байгаа аж. “N439K мутацийн хувьд вакцин хэр үйлчилгээтэй болох нь бидний санааг зовоож байна. Тиймээс коронавирусын энэ хувилбарын тархалт болон эмзэг бүлгийг халдварлуулж байгаа эсэхийг ажиглах нь туйлын чухал байна” гэж тус хүрээлэнгийн төлөөлөгч Тира Грове Краузе онцолсон байна.
Данийн эмч нар нар энэхүү мутацад орсон вирусыг өнгөрсөн намар авсан 1 624 мянган дээжид илрүүлжээ. Одоогийн байдлаар, энэ мутацийн улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. N439K мутац нь Данийн усны булгануудад илэрсэн вирус болон Их Британид мөн илрээд буй коронавирусын шинэ омогтой холбоогүй гэнэ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна