Коронавирусын халдвар дархлааны ойд хэр удаан хадгалагдаж буйг тогтоожээ
Коронавирусын халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн дархлааны ойд халдварт өвчин үүсгэгчийн талаарх мэдээлэл халдвар авснаас хойш найман сарын дараа хадгалагдан үлддэг болохыг Австрали улсын Монаша их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Тиймээс энэ судалгаа SARS-CoV-2 вирусын эсрэг вакцин урт хугацаанд үйлчилнэ гэдгийн нотолгоо болох талтай гэж тус их сургуулиас мэдэгдсэн байна. Үүнээс өмнө явуулсан олон судалгаа коронавирусын эсрэг үүссэн эсрэг биет хэдхэн сарын дараа алга болж байгаа нь вакцины үйлчилгээний талаар болгоомжлол төрүүлж байсан. Австрали улсын Монаша их сургууль, Альфредын эмнэлэг болон Бернетийн хүрээлэнгийн вирус судлаачдын явуулсан судалгааны дүнг “Science Immunology” сэтгүүлд нийтэлсэн байна.
Дархлааны онцгой В-эсүүд вирусын талаарх мэдээллийг хадгалдаг бөгөөд өвчин үүсгэгч биед дахин нэвтрэхэд эдгээр эсүүд эсрэг биет гаргаж эхэлдэг байна. Судалгаанд коронавирусын халдвартай 25 өвчтөнийг хамруулсан ба халдвар авснаас хойш 4-242 хоногийн турш 36 цусны дээж авчээ. Бусад судалгаатай адил, халдвар авснаас хойш 20 дахь хоногт эсрэг биет үүсэж эхэлсэн байна. Гэхдээ бүх өвчтөнд вирусын хоёр уургийг таньж, илрүүлдэг дархлааны ойн В-эсүүд хадгалагдан үлдсэн байна. Эдгээр онцгой В-эс дархлааны ойд халдвар авснаас хойш найман сарын дараа хадгалагдан үлдсэн байна. Энэхүү шинэ судалгаа коронавирусын эсрэг гаргаж авсан вакцин удаан хугацаанд хамгаалалт болно гэсэн найдварыг төрүүлж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна