Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 21 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид энэ сарын 2-нд нийт 5 807 хүнд PCR шинжилгээ хийсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн2-3 дахь давтан шинжилгээгээр 19 хүнд халдвар илэрчээ. Мөн хоёр гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Улаанбаатар хотын кластер голомтод батлагдсан халдварын тоо 450 боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод халдвар 750 болсон” гэдгийг тодотгов.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 1263 болжээ. Үүнээс 869 хүн эдгэрээд буй юм.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 14 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 384 хүн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна