Зургаан сарын өмнө Монгол улс ДЭМБ-ийн үлгэр жишээ улс болж, дэлхийд шагшигдаж байлаа

Админ
2021/01/04

Зургаан сарын өмнө Монгол улс ДЭМБ-ийн үлгэр жишээ улс болж, дэлхийд шагшигдаж байлаа. Арга ч үгүй биз. Уханьд байдал эвгүйтэнгүүт улсаа хаагаад, хүмүүсээ хорьчихсон юм хойно. Дотооддоо алдаагүй улс байж дэлхийгээс "сайн дураараа" тусгаарлагдчихсан. Хавар ард түмнээс авсан оноогоороо зун сонгуульд яллаа, намар хүртэл шахам найрлалаа манай засаг. Одоо харин яаж байна. Өдөр тутам шинэ хавьтал. Хөл хориог 3 дахин сунгалаа, хүлцэнгүй ядуу иргэд гэртээ хүлээсээр... Архи дарс хорилоо, ажил орлого хаалаа. Төрдөө итгэж иргэд нь хичээсээр...

Хилийн боомт Сэлэнгэ, ХӨСҮТ, ХСҮТөвөөсөө халдвар алдчихаар маниус мянга хичээх нь зөв ч юмуу даа. Сүүлдээ задраад авто худалдааны төв, автобус бааз, айлын байрнаас илрээд ч байх шиг.

ОБЕГНОБГУОК ийн дарга нар нь мэдээлэл хийхээрээ иргэдийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж байна гэж дарамтлах үүрэгтэй. Хотын дарга нь иргэддээ ялархаж "өнөөдөр унтаагүй ажиллаж байна" гэж уйлагнах, засгийн сайд нар нь сошиал хандлагад тааруулж бөөрөнхийлнө. QR хэмээх онцгой шаардлага бүхий 15 хан салбартаа олдохгүй байгаа автомашины тусгай эрх бүх л эрх мэдэлтнүүдэд үнэгүй очоод, цохолт, танил тал, авлигаар өгч авалцдаг болсон гэх.

Карантин яг шударга үйлчилж чадаж байна уу...Талхандаа гарсан иргэн гэр лүүгээ буцаж хөөгдөнө. Харин иргэдийн тархи угаах "засгийн тоглолт" дээр тавь жар байтугай хүн цуглана. Байдгаа барсан иргэдийн тэсрэхэд бэлэн бухимдлыг хааш нь чиглүүлэхээ бол энэ засаг харин ч сайн мэднэ л дээ. Төр унтаж амрахгүй зүтгэж байна, заваарсан хэдхэн хүнээс болж засгийн хичээлт талаар болж байна гэж хоолой зангируулах. Масс тэгэнгүүт гаднаас үхэхийн даваан дээр нутагтаа ирсэн Монголчуудаа харааж зүхнэ. Өвчилсөн хүнийг амьдаар нь сургаар зулгаана.

Бодлого шийдвэр нь дандаа эргэж буцсан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн, урт насгүй, бөөгнөрүүлж бүртгэдэг, бөглөж тагладаг, өнөөдөр шийдэж маргааш цуцалдаг, иргэдийг чирэгдүүлдэг байхаар яаж ч мэргэн байх вэ дээ. Хомсдол дээр шавуулна. Хоолон дээр алалцуулна... Гол нь энэ олон мянган эмч сувилагч, цэрэг цагдаа, онцгой байдлынхан зэрэг өдөр шөнөгүй бүтэн жил ажилласан хүнд хөдөлмөрийг талаар болгосон.

Төрийн ордны PCR шинжилгээ 3 цагт гарчихдаг, орон нутгийн гацагсад бол 3 өдөр хариугаа хүлээдэг. Үзэлт ихтэй сайтууд нь пиво уусан ганц иргэнийг байцаасан сүр мэдээгээ сэвэх үүрэгтэй. Иргэд бид биесээ муулж, хагаралдаж, халдвар авсан айлын хаалгыг өшиглөж, дотроо хэмлэгдэжсошиалаар солиорох тусмаа сайн. Ядуу иргэдийг шилний цаанаас чихэр долоолгож, сэтгэлийг нь цатгаад сурсан улс төрчид нь гарамгай...

Энэ урт хорионы хугацаанд мэргэжлийн байгууллагууд хичээн сайн ажиллаж байгаатай хэн ч маргахгүй. Гэхдээ амыг нь таглаад хүчийг нь бараад байгаа юм биш биз. Одоо тэгээд сонгууль хүртэл дотоодод нэмэгдэж байна гэж зориуд айлгачхаад, мөлхөж буй иргэдээ хэвтүүлж байгаад саналыг авах юм биз дээ...

Энэ халдвар чинь дотооддоо алдах эрсдэлүүд гаргасан хууль тогтоомж, шийдвэр, ажлын арга барил, муу удирдан зохион байгуулалтаас чинь болоод байгаа юм биш үү мэргэн төр минь ээ!!!

Эх сурвалж: DNMN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна