НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул улстөрд танигдаж эхэлмэгцээ увайгүй загнаж байна.
Учир нь тэр толгойлж буй байгууллагын ажилчдаа тэргүүлэн шинэ жилийн үйл ажиллагааг уламжлал ёсоор ёсолжээ. Ингэхдээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж байсан 10 орчим хүнээ өрөөндөө цугуулж, ширээ засан, шампанск буудуулж, шаггүй хатуу дарс ч хүртсэн байна. Үүнийх нь улмаас өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 6 ажилтан Ковид-19 цар тахлын халдвартай байх магадлалтай хэмээн тусгаарлалтад байгаа юм.
Гэтэл Ү.Оюунзул энэ тухай мэдээлэл цацагдаж эхэлмэгц, МЭДЭГДЭЛ гаргаж, эх сурвалж тодорхойгүй, албан баримтад тулгуурлаагүй, ташаа мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндэд халдлаа гэжээ. Тэрбээр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын 10 хувийг нь ажиллуулж байгаа. Тухайн хуучин оноо үддэг өдөр ч 14-15 хүн ажилласан байна. Ингээд нэгэнт цугласан ажилчдаа сайхан баярлахыг ерөөгөөд мань дарга шампанск тэргүүтнийдийг задалж.
Харамсалтай нь арга хэмжээний дараа буюу маргааш нь 2020 оны 12 сарын 31-нд нэг ажилтных нь хариу ЭЕРЭГ гарч, хамт байсан 10 гаруй хүний 6 нь өдгөө тусгаарлалтад шилжээд байгаа юм. Тухайн ажилтны хувьд өмнө нь гэр бүлийн хүнээс нь халдвар илэрсэн тул шинжилгээ өгөөд, хариугаа хүлээж байсан байж.
Уг нь Ү.Оюунзул УОК болон HOK-ийн шийдвэрийг дагасан хэвээр, өрөөндөө ажилчдаа цуглуулж, хуучин оноо үдээгүй байсан бол өнөөдөр дээрх тооны хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ алдаж, тусгаарлалтад орохгүй байсан гэдгийг эрхбиш тэрбээр ойлгож буй биз ээ.
Түүгээрч зогсохгүй нэгэнт өөрийнх нь зохион байгуулсан үйл ажиллагаанаас болж ажилтнууд нь тусгаарлалтад орчихоод байхад баримтад тулгуурлаагүй мэдээлэл цацлаа хэмээн биеээ өмгөөлж байгаа нь ичгэвтэр.
Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж иргэд, олон нийтийн эрүүл, аюулгүй амьдрах, амрах орчныг бүрдүүлэх ёстой байгууллага атал Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гарсан байхад харин ч эсрэгээр нь дээрх дэглэмийг зөрччихөөд, түүнийгээ нуун дарагдуулж өөрийгөө хаацайлсан мэдэгдэл гаргаж буй нь харамсалтай. Энэ нь олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эсрэг хийгдэж буй явуургүй арга, түүний увайгүй үйлдэл биш гэж үү.
Ү.Оюунзул дарга аа, өрөөндөө ажилтнуудаа цуглуулж, шампанск задалж, тодорхой тооны хүмүүс тусгаарлалтад байгаа нь өөрөө бодит баримт биш гэж үү. Тэрбээр ажилтнуудынхаа амыг барьж” болох ч хэвлэлийнхэнийг баримтад тулгуурлаагүй хэмээн өөрийн бурууг бусдад тохох даанч увайгүй.
Уг нь орон нутгийн иргэдийн саналаар сонгогдсон хүн тэдний төлөө ажиллах ёстой атал харин ч нийтийн эрх ашгийг зөрчиж, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, түүнийгээ нууж байгаа нь бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна гэж ойлгогдохоор байгаа юм. Мэдээж уг асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгах ч гэлээ хэвлэл мэдээллийнхэн онцгой үед болсон үйл явдлыг олонд үнэн зөвөөр нь мэдээлэх үүрэгтэй.
Ү.Оюунзулыг анх залуу, эрч хүчтэй, боловсрол, мэдлэгтэй хэмээн үнэлэж олон нийт НИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон. Харамсалтай нь улстөрд бугшсан бусдынхаа адил албан тушаалд хүрмэгцээ хууль, журмыг зөрчсөн, олон үйлдэл гаргаж байгаагийн ердөө ганц нь л дээрх тохиолдол. Ямартай ч Ү.Оюунзул дарга аа, нийтээрээ, ард түмнээрээ гэрийн хорионд орж бүх бизнесээ хаалгаж идэх талхныхаа мөнгөнөөсөө хасан байж бид гэртээ сууж байхад таны энэ үйлдэл хэрээс хэтэрсэн гэдгийг дахин сануулах байна.
Үүнээс гадна Ү.Оюунзул бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоочихсон үед байгуллагадаа халаа, сэлгээг ч харамгүй хийж, өөрийн хүрээний хүмүүсээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “урьж” байгаа аж. Энэ талаарх мэдээллийг бид маргаашийн нийтлэлээрээ хүргэх болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна