“Асрамжийн төвд маань ганцхан зурагт л байдаг. Гэтэл бид гучин хэдүүлээ амьдардаг. Мэдээж нас насны хүүхдүүдтэй учир хичээлийн цагууд ихэвчлэн давхцаж таардаг. Би хамгийн том нь болохоор дүү нарынхаа хичээлийг түрүүлж хийлгэчхээд дараа нь хийдэг. Гарсан хойно нь нөхөж үзэх боломжгүй. Үзэх боломжтой хичээлүүд нь хагас дутуу, ойлгоход ч бэрх тул хийсэн болоод л орхидог.” гэж 16 настай Ч ярьжээ. /"Ковид ба залуус" судалгаа 2020/
Хойшлуулж огт болшгүй зүйл бол хүүхдийн БОЛОВСРОЛ гэдгийг ойлгуулсан нэг жилийг бид ардаа үдлээ. Хүн төрөлхтөн цар тахлыг давах туулахын тулд амьдралын шинэ хэв маягт суралцахын сацуу ВАКЦИН хүлээн суугаа. Шинжлэх ухаанч боловсрол өнөө төдийгүй ирээдүйд ямар чухлыг цар тахал бидэнд ойлгууллаа. Хоногийн хоол, мөрөнд углах хувцас хунараас илүү хэрэгцээ бол БОЛОВСРОЛ, шинжлэх ухааны мэдлэг.
Дэлхийн олон улс үүссэн нөхцөлдөө тохирсон халдвар хамгааллын дэглэм баримтлан сургуулиудаа хичээллүүлсээр байгаа төдийгүй ялангуяа бага ангийн сурагчдыг танхимаар сургахыг илүүд үзэж байна. Хүүхдэд боловсрол олгохыг цар тахлын үед ч хойш тавьсангүй. Тэд мэдээж эрсдэлийг тооцож бас сэрэмжилж буй.
Гэтэл манай улсад сураг сонсов уу үгүй орон даяар бүх шатны сургалтыг танхимаар хичээллэхийг зогсоож, зайн сургалтад шилжүүлсэн.
Халдварт өвчний эрсдэлгүй, алслагдмал орон нутгийн зарим цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрэн ашигласангүй
Ковид тусчихвал яана аа гэхээс илүү бид хатгаа, ханиадаа дийлдэггүй эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ, эрүүл мэндийн найдваргүй тогтолцооноосоо айж, амархан ч гэмээр аргыг сонгосоор байгаа гэчхэд хилсдэхгүй. Энэ бол хатуу хөл хорио юм. Цар тахлын үед эрх баригчид гаргасан шийдвэртээ бодлогын үнэлгээ хийж, дараагийн төлөвлөгөөндөө тусгаж буй эсэх нь анхаарал татаж буй юм.
Манай улсад бүх шатны боловсролын байгууллага зайн сургалтад шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл зайн сургалт нийгмийн олон бүлэгт хэр хүртээмж, үр дүнтэй байсныг Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслээс судалжээ.
Зайн сургалт сургалтын чанар, гүйцэтгэл, эрх тэгш байдалд сорилт авчирч, өмнө нь ч байсан боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэйг “БОЛОВСРОЛ: ЧАНАР, САНХҮҮЖИЛТ, ХАРИУЦЛАГА” Иргэний нийгмийн Х чуулганы үеэр онцолж байв.
Хоёр хүртэлх насны хүүхдүүд өдөрт ихдээ 15-20 минут сэтгэхүйд нь тохирсон телевизийн дүрс үзэх боломжтой
Онцлох нь: Сургуулийн өмнөх боловсролыг зайнаас олгох зохимжгүйг боловсрол судлаач, сэтгэл зүйчид зөвлөдөг аж. Хоёр хүртэлх насны хүүхдүүд өдөрт хамгийн ихдээ 15-20 минут өөрсдийнх нь сэтгэхүйд тохирсон телевизийн дүрс үзэж болно. 3-5 насныхан 30 минутаас хэтрүүлж болохгүй. Үүнээс хэтэрвэл хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус болох, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал ажиглагддаг байна.
Бага дунд боловсролын хувьд судлах ёстой агуулгын 50%-ийг олгосон, суралцагчдын хичээлд хамрагдалтын хувь дунджаар СӨБ-д 89%, БДБ-д 86-90% байсан (эхний 2 сард 81%, дараагийн сард-66% болж буурсан) зэрэг нь анхаарал татна. Бага боловсролын түвшинд зайн сургалт тохиромжгүй, хүүхэд бие даах, анхаарал төвлөрөх, өөрийгөө захирах чадавх бүрдээгүй тул энэ арга замаар сурахад бэлэн бус байдгийг манай орны жишээ харуулаад зогсохгүй олон улсад ч судалж тогтоосон.
Үүнээс хэтэрсэн тохиолдолд хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус болох, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал ажиглагддаг байна.
Мөн тэдний уураг тархи дүрс дууны хэт хурдан хөдөлгөөнийг боловсруулж чаддаггүй. Хүүхдийн суралцах, хөгжих үйл явц харилцаанд суурилдаг тул теле хичээлээр нэг талын урсгалтай мэдээлэл өгч, сургалтын үр дүн тааруу байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж олон эцэг эх шүүмжилжээ. Түүнчлэн анги дэвших шалгалт цуцлагдаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшээгүй нь дараагийн ангид дэвшин сурахад нөлөөлөх эсэх, эдгээр хүүхдүүдийн дараагийн шатны боловсрол, ажил, амьдралд яаж нөлөөлөх бол хэмээн эцэг эхчүүд санаа зовж байна.
Сургууль эргэж нээгдэхэд
Хүүхэд бүрд зурагт, компьютер хүрэлцээгүй байгааг үл хайхран теле хичээл тулгасан нь цар тахлын үед боловсрол олгож буй "нэр зүүсэн" хэрэг.
Дохионы орчуулгатай хичээл явуулсан нь дэвшилттэй ч дохионы хэлний орчуулга ойлгомжгүй, хэт жижиг дэлгэцтэй тул харагдахгүй байдгаас сонсголын бэрхшээлтэй сурагчид теле хичээл үзэж чадаагүй, үзсэн ч ойлгоогүй өнгөрөх тохиолдол их, харааны бэрхшээлтэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд теле хичээлээс гадуур орхигдсон байх магадлал өндөр.
Мөнүндэсний цөөнхөд зориулж бэлтгэсэн хичээл байхгүй тул аймгаас теле хичээлийг орчуулан хүргэж байсан ч бүх хичээлийг орчуулаагүй нь анхнаасаа хүртээмж муутай байгаа теле хичээлийн чанарыг улам бууруулах нөхцөл бүрдүүлсэн.
2020 оны эхнээс хичээл сургалтын үйл ажиллагааг зайны хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой УИХ, Засгийн газар, салбарын яам, харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг харахад нийгмийн ялгаатай бүлгүүдэд тулгардаг тотгоруудыг олж харах, сургалтын онцлог хэрэгцээг хангах чиглэлээр анхаарсан нь сайшаалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг онцлон анхаарсан ч малчдын хүүхдүүд, үндэстний цөөнх болон охидын асуудлыг цөөн тохиолдолд л дурджээ. Салбарын яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах бодлогыг тууштай барьж, чухал шийдвэрүүд гаргаж ирсэн ч цахим болон теле хичээл явагдах үед тусгайлсан дэмжлэг, зохион байгуулалт хийж чадаагүй.
Малчдын, үндэстний цөөнх хүүхдүүдийн сурах тэгш хүртээмжийг орон нутагт хариуцуулан орхисон байдалтай байв. Хамгийн их нэрвэгдсэн бүлэг болох амьжиргааны түвшин доогуур өрхийн нийгэм-эдийн засгийн статус доогуур хүүхдүүдийн асуудал бүрэн орхигдсон.
Эмзэг болон маргинал бүлгүүдэд тохирох технологи болон арга хэрэгслийг үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр ашиглан зайнаас сурах боломжийг олгож, орон нутагт суурилсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлгийнхэнд нөхцөл байдалдаа тохирсон чанартай боловсрол, сургалтад хамрагдах боломжийг олгох шаардлага үүсэв. Халдварт өвчний эрсдэлгүй гэж үзсэн алслагдмал орон нутгийн зарим цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг ашиглаж чадсангүй.
Түүнчлэн

- теле болон бусад хэлбэрээр огт хамрагдаагүй,
- эсвэл бүрэн хамрагдаагүй хүүхдийг ялгаварлах, дарамтлах,
- цаашлаад сургууль завсардахад хүргэх,
- ариун цэврийн шаардлага биелүүлж чадаагүйгээс хичээлд ирэхгүй болох зэрэг эрсдэлүүд байсаар байна.
- Гэр бүлийн дэмжлэгийн ялгаатай байдал: нийгэм-эдийн засгийн статустай холбоотой эцэг эхийн боловсролд хандах хандлага, оролцооны ялгаатай байдал
- Багшийн дасан зохицох чадвар, багшлах ур чадвар, цахим ур чадварын ялгаатай байдал
- Сурагчид, эцэг эхчүүдийн нийгэм-сэтгэл зүйд үзүүлж буй нөлөө
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хувьд туслах багш, дэмжлэгийн орчингүй суралцах зэрэг юм.
- хүчтэй салхи, бороо зэрэг байгалийн үзэгдэл тохиолдоход кабель салж, ТВ үзэх боломжгүй болох,
- цас их орсноос нарны зайгаа цэнэглэж чадахгүй, хичээлээ бүрэн үзэх боломжгүй байна.

- гэрээр суралцах үед гэр бүлийн дэмжлэг,
- оролцооны ялгаатай байдлыг нөхөх,
- багшийн цахим болон бусад багшлах ур чадварын ялгаатай байдлыг арилгах,
- сурагчид, эцэг эхчүүдийн нийгэм-сэтгэл зүйд үзүүлж буй нөлөөг бууруулах,
- ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн харилцаа-нийгэмшлийн эрэлт хэрэгцээг хангах зэрэг бусад бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй нь суралцагчдын хамрагдалт, гүйцэтгэл, сурлагын амжилтад нөлөөлж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна гэж судалгаанд дүгнэжээ. /Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл/
Сэтгэгдэл бичигдээгүй байна