Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна

Админ
2021/01/06

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Гол, мөрний мөсний зузаан 0-40 см бол улаан цэгээр, 40-80 см бол ногоон цэгээр, 80-120 см бол цэнхэр цэгээр, 120 см -ээс дээш бол  цагаан цэгээр тэмдэглэжээ.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 40-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсөн бүрхүүл 50-95 см зузаантай байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуур 75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Хатгал тосгон орчимд, Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл 50 см нимгэн мөстэй байгаа бол Ханх орчимд  30 см нимгэн байна. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голын мөсний зузаан  10-85 см байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан 30-90 см байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын мөсний зузаан 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Буйр болон Хөх нуурын мөсний зузаан 55-70 см зузаантай болжээ.

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас  5-10 см нэмэгдэж, 30-80 см зузаан мөстэй болсон байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 15-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хархираа, Чигж голын хувьд 10-15 см нимгэн байна. Увс, Хяргас нуур 20-25 см нимгэн мөстсөн байна.

Гол, мөрний мөсөн бүрхүүл 120-иос дээш буюу цагаан цэгээр хараахан тэмдэглэгдээгүй байна. Ихэвчлэн улаан, ногоон цэгээр тэмдэглэсэн буюу мөсөн бүрхүүл нимгэн байгааг  илэрхийлж байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна