Их Британийн нэгэн эр согтуудаа зурагтаар дуучин Селин Дионы тоглолтыг үзэж байгаад нэрээ Селин Дион болгон өөрчилжээ. Түүний жинхэнэ нэрийг Томас Додд гэдэг бөгөөд тэрбээр нэрээ сольсон талаар хэд хоногийн дараа шуудангаар баталгаажсан бичиг баримт ирсний дараа мэдсэн байна.
Энэ жил 30 настай Томас Додд зочид буудалд менежерээр ажилладаг бөгөөд нэрээ хэрхэн сольсноо одоог хүртэл санахгүй байгаа аж. Тэрбээр нэрээ солиход 89 фунт стерлинг зарцуулж, мөн түүний шинэ нэрийг баталгаажуулсан найман гэрчилгээг тус бүр 10 фунт стерлингээр нэмж захиалсан тухайгаа мөн шуудангаас ирсэн бичиг баримтаас олж мэджээ.
“Хөл хорионы үеэр зурагтаар маш олон тоглолт, шууд нэвтрүүлэг үздэг байсан. Селин Дионы тоглолтыг үзэж байхдаа хэдэн хундага татсан маань нэрээ ийнхүү өөрчлөхөд хүргэсэн байх гэж бодож байна" гэж шинэхэн Селин Дион хэллээ. Тэрбээр нэрээ сольсны дараа хүний нөөцийн хэлтэст шинэ нэрнийхээ паянг хэрхэн тайлбарлах вэ гэдгээс хамгийн ихээр айж байсан тухайгаа хуваалцжээ.
Харин түүний гэр бүлийнхэн Томасын энэхүү үйлдлийг хошиноор хүлээж авсан бөгөөд “Үүнээс ч дор байж болох байсан. Нэрээ Борис Жонсон гэж өөрчлөөгүйд баярла” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Mirror
Сэтгэгдэл бичигдээгүй байна