ТЭГ ЗОГСОЛТ

Админ
2021/01/06

Манай улсад коронавирусын халдвар тархаад 2 сар болж байна. Улсын онцгой комисс, засгийн газар энэ хугацаанд “ Бүх нийтийн бэлэн байдал”,” Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж, хувийн хэвшлийнхэн нам зогсож, төрийн албаны 20 хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн шийдвэр гаргасан нь бүгд л “ Тэг”-лэх талаар байв.
Тухайлбал цахилгаан, хог, дулааны үнийг 12 сарын 1 – нээс ТЭГлэв. Шахмал түлшний үнийг огцом буулгалаа. Хувийн хэвшлийнхэний худалдаа наймааг бүр ТЭГ зогсоолоо. Татвар, хураамжийг ТЭГлэлээ гээд их урт дараал хөвөрнө.
Бодлогын хувьд эдийн засгаа дэмжсэн нь засгийн газрын зөв ч бодит байдал дээр эрүүл мэндийн асуудал орхигдоод байгаа нь үнэн. Энхсаран сувилалаас эхлэлтэй цар тахлын халдвар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв госпитал, Хавдар судлал, Халдвартын эмнэлэг нөмөрсөн. Өдөрт халдвар хорь гучаараа нэмэгдэж байна. Гэвч хөл хөдөлгөөн өрнөөд байгаа болохоор мэргэжлийн эмч нар цар тахлаа барьж дийлэхгүй байгаа гэдэг нь анзаарагдана. Дархан- Уул аймаг “ Тэг зогсолт” хийгээд цар тахлын голомтыг устгаад авлаа. Архангай аймаг ч коронавирусгүй аймаг боллоо. Харин Улаанбаатар хотод нөхцөл байдал хүндхэн байна. Гэтэл Улсын онцгой комиссын хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлаа 5 хоног сунгах шийдвэр гаргажээ. Тав хоногоор сунгаад ямар ч эерэг үр дагавар харагдахгүй . Хөл хөдөлгөөн хотод байсаар байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумьяабазарын хэлсэнээр бол өдөрт 50 гаруй мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Дэлгүүр хоршоо онгорхой. Хүний хөл хөдөлгөөн хориогүй нөхцөлд та бидний хажууд л Коронавирус бий. Эмнэлгүүд ачаалал өндөр, эмч нар халдвар авч эхэлсэн, Баянзүрхийн голомт улам нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хорио, “Тэг зогсолт” –ын дэглэмийг мөрдөх шаардлага тулгарч байна. Нэг талаас тахлаа хумина. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн бизнесээ яаралтай дэмжих боломж юм. Өнөөдөр 2 сар үйлдвэрлэл, худалдаа наймаа хийгээгүй хувийн хэвшлийнхэн эдийн засгийн хувьд сөхрөлтөнд орж эхэллээ. Тэд цалингаа ч тавьж чадахгүй байдалд хүрээд зогсохгүй өөрсдөө ч хэтэвчиндээ мөнгөгүй болсон. Улсын онцгой комисс ийм нөхцөл байдлыг бодолцож үзэхгүйгээр хамгийн амар аргаар л асуудлыг шийдээд байгаад иргэд дургүйцэж эхэллээ. Гадаадад амьдарч байгаа монголчууд ирнэ гээд онгоцны тийз, тусгаарлах байрны мөнгөө төлчихсөн. Харамсалтай нь нислэг цуцлагдсан учраас мөнгө ч үгүй, орох орон ч үгүй хүний нутагт хүндхэн байна.
Дотоодод байгаа иргэд нь ч эдийн засаг ТЭГ болж байгаа учраас Улсын онцгой комисс зоригтой шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд “ Тэг зогсолт” хийж, цар тахлаа яаралтай хумих арга хэмжээ авах цаг болжээ. Эдийн засгийн тэг зогсолт ирэхээс өмнө эрүүл мэндээ бодоод “ Тэг зогсолт” хийхийг Улсын онцгой комиссын нөхдөд сануулая..


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна