УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат: Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий
2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүд казинод байгаа зураг хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр нийтлэгдсэний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглоогүй сонирхоод орсон гэх тайлбарыг өгсөн.
Харин тухайн үеийн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Орсон гэхдээ тоглоогүй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрвүүлээ орсон. Их мөнгөөр тоглоод байх боломж байхгүй. Тийм мөнгөтэй ч хүн байхгүй.
Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ яах вэ, хүний сонирхол байна, ороод гаръя гээд орсон” хэмээн тайлбар хийсэн.
Гэвч түүний мөнгөгүй хэмээн дүгнэсэн Д.Лүндээжанцан гишүүний хамгийн сүүлд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж үзвэл тэрээр Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 170,685,000 төгрөг бөгөөд жилийн орлого нь 55,736,000 төгрөг байв. Түүнчлэн нийтийн орон сууц, зуслангийн байшин тус бүр нэгээс гадна өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт нийлээд нийт 969,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй ажээ. Харин үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийнх нь нийт дүн 160,000,000 төгрөг хэмэн мэдүүлжээ.
Хачирхалтай нь энэ хэмжээний хөрөнгөтэй хүнийг “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий” хэмээн хэлсэн Д.Эрдэнэбат гишүүний жилийн орлого нь 29,931,000 бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн ердөө 6,499,000 төгрөг буюу Д.Лүндээжанцан гишүүнээс ойролцоогоор 24 дахин бага байсан юм.
Тиймээс Д.Эрдэнэбат гишүүн өөрөөсөө хөрөнгө чинээлэг хүнийг “
Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий” хэмээн ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараан нэр төрд нь “халджээ”.
Эх сурвалж: factcheck.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна