Монгол Улсад виртуал хөрөнгийг хуулиар зохицуулаагүй

Админ
2021/01/09

Монгол Улсад виртуал хөрөнгийг албан ёсоор зөвшөөрөөгүй, төрийн хяналт, зохицуулалтад хамаардаггүй.

Иймд биткойн, этэриум зэрэг криптовалют, виртуал хөрөнгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар хохирох, иргэд, аж ахуйн нэгжүүд үүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөх сөрөг үр дагавар гарч болзошгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ.

Түүнчлэн, өөрийн итгэл үнэмшлээр криптовалютын арилжаанд оролцож, үүнтэй холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна гэдгийг тус хорооноос анхааруулав.

Виртуал хөрөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, үнийн хувьд тогтворгүй, байнгын хэлбэлзэх шинж чанартай, криптовалютын арилжаанд орж буй аливаа этгээдэд мэдээлэл дутуу хүрдэг зэрэг эдийн засаг, санхүү, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ихээр дагуулдаг.

Олон улсад криптовалютын зохицуулалт харилцан адилгүй. Хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орчин, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбогдуулж үүсэх эрсдэлээс хамаарч Ирланд, Энэтхэг, Люксембург, БНХАУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд болгоомжтой оролцохыг анхааруулдаг.

Тухайлбал, криптовалютын арилжааг хуулиар хянаж зохицуулалтгүйгээс криптовалютыг валют гэхээс илүү виртуал бараа гэж тодорхойлж, банк, санхүүгийн байгууллагыг биткойныг ашиглах, арилжаалахыг БНХАУ хоригложээ.

Харин Люксембург, Ирланд, Энэтхэг улс криптовалютыг ашиглахыг хуулиар хориглоогүй ч арилжааны болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна