Өөрийнхөө мөнгөөр үлгэрлэж эхлэв үү Ерөнхийлөгчөө?
Бид л өөрсдийгөө хөл хорионд хайрцаглаад байгаа болохоос цаана чинь айлын хүүхэд жинхэнэ бужигнуулж оффшор бүсээс авдар авдраар нь мөнгөө зөөж байна. Нэгдүгээр хүний сошиал цэргүүд ажилдаа орсноос үзэхэд сонгуулийн марафон коронагийн дуулианыг дарахуйц нүргээнтэй явагдах нь тодорхой боллоо. Богд маань бор заан Асашёорюүгаа хөлөглөхгүй Цензургүй хатагтайгаар дараагийн сценээ эхлүүлэв.
Юу гэхлээр “За Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулаад ирж. Оруулж ирсэн мөнгөнөөсөө өрх бүрт 1 сая төгрөг олгох хууль санаачлаад өнөөдөр УИХ-д өргөн барьлаа. Улсын төсвөөс биш улсын их оффшорчдоос чинь мөнгө оруулаад ирж. Одоо хоосон хонож буй иргэдээсээ харамлахгүй юм байгаа биз дээ!!! Ийм олон хоногийн хөл хорионд зүдэрсэн өрхүүдэд маш их дэмжлэг болно доо.... 4 жилийн өмнө 2017 онд амалсан амлалтаа Ерөнхийлөгч ийнхүү биелүүлж байна” гэж жиргэсэн нь 0 зогсолтын дуулианаар эхэлсэн жихүүн өдрийг бүлээцүүлэх мэдээ мэт. Цоо шинэ мөнгөн дэвсгэртүүд олон ч хүний нүдэнд харагдаж гарт баригдлаа. Хаяж гээсэн хороо хориноо санаж иргэний бүртгэлээ аль хэдийнэ нягталж эхэллээ. Хэсгийн ахлагч нар ч хөөрхөн харагдах цаг. Сонирхолтой нь хэний мөнгийг оруулж ирээд байгаа юм, өөрийнхөө юу, өрөөлийн үү?
Оффшор чинь тийм энгийн АТМ шиг зүйл үү? Хэрэв тийм юм бол манай нэгдүгээр хүн 2017 онд амлаад нээх дөрвөн жил бодох шаардлага байсан ч юм уу үгүй ч юм уу. Өөрөө биеэрээ үлгэрлэж өөрийнхөө дансыг ард иргэддээ зориулж нээж байна уу гэхчлэн таамаг хөвөрч байна. Уг нь хөөрхий яаж ийгээд юм өгчих гээд байгаа сэтгэл нь сайхан. Ертөнцөд Х.Баттулга хэмээх нэг л нар байдаг гэж итгүүлж үнэмшүүлж чадвал ерөөс дахин сонгогдох бат гэж тооцсон гэлтэй. Гэхдээ яг 1 сая төгрөгөн дээр тэгж итгэх эсэхийг сайн мэдэхгүй л байна. Ард түмэн тийм ч гэнэн материуд биш. Харин нэгдүгээр хүн үргэлж киноны гол дүрийн баатар шиг харагдах асар дуртай. Магадгүй улстөрч бизнесмэн биш байсан бол их сайн найруулагч, урлагийн хүн байж мэдэхээр. Нууц авьяас нь тодроод сүйд л байх юм. Гэхдээ яадаг билээ, хүмүүс нэг л хайрлан бишрэхгүй байгааг хэнээ маань анзаарч байгаа болов уу. Хэтэрхий БИ гэсэн эго чинь хэтрээд байна, хэтрээд байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна