Limousine mit Holzofen eingebaut буюу “дотроо галладаг зуухтай седан” гэдэг тэмдэглэлийг Швейцарын Цюрих хотын оршин суугчдын автомашины бичиг баримт дээрээс сүүлийн үед олноор олж харах боломжтой болжээ. Учир нь тэндэхийн зарим хүмүүс машиндаа нэгэн залуугийн санаачилсан галладаг зуухыг байрлуулж, ер бусын хүйтэн өвлийн өдрүүдийг мөнгөнд хэмнэлттэй, бас дулаахан өнгөрүүлэх болсон байна. Өөрийнхөө хуучин автомашины урд талын зорчигчийн суудлын оронд галладаг зуух тавьсан швейцар залуу Pascal Prokop нь харьцангуй хүйтэн өвлийн өдрүүдийг туулж байгаа Европын орнууд төдийгүй дэлхий дахинд хоромхон зуурт алдаршжээ. Зуухны нэрэнд орсон Limousine гэдэг үгийг шууд утгаар нь “лимузин” эсвэл “седан” гэж ойлгож болно. Гэхдээ уг зуух нь зөвхөн лимузинд төдийгүй бараг бүх төрлийн авто машинд тохирдогоороо онцлогтой юм байна.
Паскаль нь өөрийн зохиосон машины зуухаа 20 Minuten Online цахим хуудас дээр танилцуулж, 1990 оны Volvo 240-д суурилуулсан байдлынх нь зургийг оруулжээ. Тайлбар дээр нь Паскаль: “Би хэт ядарсан, эсвэл согтуу байх үедээ машин барихаа зогсоож, байгаа газраа машин дотроо унтах хэрэгтэй байдаг. Учир нь манай оронд согтуугаар, эсвэл хэт ядарсан байдалтайгаар машин барихыг хориглохоос гадна, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдол байдаг. Тиймээс л энэ өвлийн хахир хүйтэн цагт надад энэ зуух хэрэг болж байна.” гэжээ. Паскаль нь зуухныхаа одоогийн загварыг гаргахын тулд нилээн оролдлого хийжээ. Анхандаа 2 метр орчин илүү гарсан яндантай хийсэн нь харахад дажгүй байсан ч хөдөлгөөнд оролцоход төвөгтэй байсан гэнэ. Түүнчлэн орон нутгийн замын цагдаагийн албаныхан түүнд зуухтай машин барих зөвшөөрлийг нилээн судалж, авч хэлэлцсэний эцэст олгожээ. Мөн машиндаа гал түлсэн үедээ хотын гудмаар явахыг зөвшөөрдөггүй, харин хотоос гадна бол зөвшөөрдөг байна. Хамгийн хүндрэлтэй тал нь сониуч цагдаа нар Паскалийн машиныг алхам тутамд нь зогсоож, доторхи зуухыг нь сонирхдог байна. Манай хойд хөршийнхөн ч гэсэн Паскалийг "зуухан дээрээ аялж, цурхай загастай нөхөрлөдөг Емеля" хүүгийн үлгэртэй зүйрлэж, энэхүү машин доторхи зуухны санааг нь нилээн дэмжин сонирхож байгаа ажээ.


Сэтгэгдэл бичигдээгүй байна