Оюутнуудын 82.5 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байна. Энэ зөв дүгнэлт мөн үү?

Админ
2021/01/10

Засгийн газар өчигдөр бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг УИХ-д танилцууллаа. Засгаас хийсэн танилцуулгад “2020-2021 оны хичээлийн жилд нийт 88 дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан ажиллаж, 147293 оюутан суралцаж байна. Нийт суралцагчдын 138237 буюу 93.8  хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бөгөөд эдгээр суралцагчдын 66934 буюу 48.4 хувь нь орон нутгийн харьяалалтай. Нийслэлийн 56 дотуур байранд 9391, орон нутгийн 15 дотуур байранд 1968 оюутан амьдардаг. Цар тахлын онцгой нөхцөл байдлаас үүдэн эдгээр оюутныг шинжилгээнд хамруулан ар гэрт нь буцаах ажлыг зохион байгуулсан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Засгийн газраас сургалтын хөтөлбөрт суурилсан боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Дээд боловсролын сургалтын байгууллагууд онлайн хэлбэрийн олон төрлийн аппликейшн, программ, платформуудыг ашиглан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Цахим сургалтын үйл ажиллагаанд талаар нийт 86 их, дээд сургуулийн оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 82.5 хувь нь сургалтын хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн, сэтгэл ханамжтай гэсэн байна хариулт өглөө” гэсэн байв. Анзаарсан бол "Оюутнуудын 82.5 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа" гэсэн судалгааны дүн гарчээ. Үүгээр цахим сургалт чанартай явагдаж байна гэж дүгнэж болох уу. Яг үнэндээ оюутнууд цахим сургалтад сэтгэл хангалуун байна гэдэг нь агуулга бус хэлбэрийг тодорхойлсон дүгнэлт. Байнга цагт баригдаж, тахимд суухыг хүсдэггүй залуучуудын хувьд цахимаар хичээллэх нь мэдээж таатай. Товчхондоо, гэртээ амрангаа суралцаж байгаа нь л сайхан. Харин сургалтын чанар бол тусдаа асуудал. Манай улсын дээд боловсролын сургалтын чанар танхимаар хичээллэсэн үедээ ч хангалтгүй гэж үнэлэгддэг. Энэ нь Монгол Улсын их, дээд сургуулиуд өрсөлдөх чадвараараа дэлхийн эхний 1000 сургуульд ч эрэмбэлэгдэж чадахгүй байгаагаас тод харагдана. Улсдаа хамгийн шилдэг нь гэж үнэлэгддэг МУИС дэлхийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварын жагсаалтад 3000-аас хойш бичигддэг. Тиймээс оюутнуудын 82.5 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаагаар сургалтын чанар сайн байна гэж дүгнэж болохгүй. Оюутнууд одоогийнхоо нөхцөл байдалд сэтгэл хангалуун байж болох ч ирээдүйд эзэмшсэн боловсролдоо сэтгэл хангалуун байж чадах уу. Засгийн газар сэтгэл хөдлөл бус бодит байдлаар нь, хэлбэр бус агуулгаар нь асуудлыг дүгнэх ёстой. эх сурвалж: eagle


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна