Гурван төрлийн мутацид орсон шинэ вирус илэрсэн

Админ
2021/01/12

Дэлхий дахинаа одоогоор гурван төрлийн мутацид орсон шинэ вирус илэрсэн гэдгийг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Нэгдүгээрт, В1.1.7 вирусийг 2020 оны 12 дугаар сарын 14-нд Их Британи улсаас ДЭМБ-д мэдээлжээ. Дэлхийн 40 орчим улсад бүртгэгдээд байна. Энэхүү вирус нь SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй, дундаас хүнд зэргийн өвчлөл үүсгэж байгаа аж. Бага насны хүүхэд залуучууд зонхилон өвдөж байгаа юм. Суулгах, гүйлгэх шинж тэмдэг давамгайлан илэрч байна. Иймээс өвчлөл бүртгэглэж буй орнууд эрүүл ахуй, орчны бохирдлын талаар анхаарах шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байгаа. Дамжих замын хувьд агаар дусал, амьсгал, ахуй хавьтлын замаар халдварлаж байгаа бөгөөд сэргийлэх арга хэмжээ нь уламжлалт аргуудаа хэрэглэж болно гэсэн дүгнэлт өгч байгаа аж.

Хоёрдугаарт, D614G вирусний хувилбар Дани улсаас гаралтай, 2020 оны 1,2 дугаар сараас эхэлсэн бөгөөд 6 дугаар сараас дэлхий даяар тархаж эхэлсэн. SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй гэж судлаачид үзэж байна.

Гуравдугаарт, 501.V2 вирус Өмнөд Африкаас тархаж эхэлснийг ДЭМБ-д 2020 оны 12 дугаар сард мэдээлсэн байна. Цаашдаа амьтанд халдварлуулах магадлалтай гэж судлаачид үзжээ. Тархах чадвар өндөр бөгөөд одоогоор дөрвөн улсад тархсан байна.

ДЭМБ-аас сүүлийн гурван сарын хугацаанд эдгээр вирусний мутаци харьцангуй өндөр байна хэмээн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр, вирус мутацид дахин орох боломжтой, амьтан өвчлөх боломжтой учир цаашид вирусний судалгааг хийх хэрэгтэй гэж үзжээ. Ингэхдээ вирусний удам зүйн шинжилгээ хийх, халдварын хяналт сайжруулах, амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна