Д.Наранбаатар: Хөл хориог сулруулсан нь маш буруу, ирэх долоо хоногт халдвар эрчимтэй нэмэгдэнэ
“Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар коронавирусийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болоод вакцины талаар мэдээллийг долоо хоног бүрийн ням гариг бүр өгч байгаа билээ.
Түүний мэдээллээс зарим анхаарал татсан хэсгийг тоймлон хүргэж байна.
Хөл хориог сулруулах нь зөв үү:
-Энэ сарын 11-ний өдрөөс эхлээд Улаанбаатар хотын хөл хориог сулруулах шийдвэр гарсан. Хөл хорио сулруулах нь маш муу шийдвэр. Бид ийм зүйл болчих вий, ийм шийдвэр гаргаж болохгүй шүү гэдгийг анхааруулж ирсэн. Нэгдүгээрт, нийслэлийн хүн амын дунд халдварыг алдчихсан, гадуур шинж тэмдэггүй халдвартай иргэд маш их байгаа. Багаар бодоход 200-300 хүн гадуур халдвартай явж байгаа. Тэгэхээр маргаашаас хөл хорио сулруулснаар халдварын тархалтын эрчим эрс нэмэгдэж, асуудал улам хүндэрнэ. Шинэ жилийн үеийн хөл хорио тийм сайн байж чадаагүй хөдөлгөөн ихтэй, иргэд найз нөхөд, хамаатан садангаараа хамт шинэ оноо угтсан.
Тэгэхээр шинэ жилийн үеэр тархсан халдвар 15-17 хоног дээрээ илэрнэ. Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад халдварын тархалт хоёр долоо хоног хагастай хоцрогдож явж байгаа. Жишээ нь, АНУ шинэ жилээ арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэсэн. Тухайн үеийн хөл хөдөлгөөний хор уршиг нь энэ долоо хоногт гарч, маш олон хүн халдвар авсан нь батлагдсан. Манай улсын хувьд 5 хоногийн дараа шинэ жилээ тэмдэглэсэн тул ирэх долоо хоногт шинэ жилийн үеэр халдварлагдсан иргэд илэрч эхэлнэ. Гэтэл энэ долоо хоногт хөл хориогоо сулруулах шийдвэр гарсан тул халдварын тархалт улам нэмэгдэнэ. ЭМЯ-ны бидэнд өгсөн мэдээллээр хөл хориог долоо хоног сулруулж дахин хаана гэсэн байгаа. Одоо хөл хорио сулруулаад ирэхээр халдвар улам асна.
Ерөнхийдөө коронавиурсийн халдварын энэ үед төр засаг маш муу шийдвэрүүд гаргаж байна. Бусад улс оронд ийм муу шийдвэр гаргаж хариуцлагагүй ажиллаж байгаа алба хаагчдад хариуцлага тооцож, ажлаасаа халагддаг. Харин манай улс тийм зүйл огт алга.
Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дарга Содбаатар гэх хоёр хүн бол түмэн янзын алдаа гаргаж байгаа ч хариуцлага хүлээх, хариуцлага тооцох юм алга байна. Эцсийн эцэст ард иргэд буруутан болж үлдэхээр байна. Өнөөдрийн эмЯ-ны 11 цагийн мэдээллээр Нарангэрэл “иргэд хөл хориогоо сайн бариагүйгээс болж халдвар буурсангүй” гэж хэлсэн. Хоёр сарын хугацаанд хориод өнөөдөр ямар ч үр дүн гарсангүй.
Бид “энэ арга замаар яваад ямар ч үр дүнд хүрэхгүй” гэдгийг хэлээд л байсан. Энэ гаргаж байгаа маш муу шийдвэрүүдийнхээ төлөө УОК-ын дарга Содбаатар, Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох ёстой. Өнөөдөр манай дарга нар сонгууль, PR, хулгай гурвыг л маш сайн хийж чадаж байна. Өөр юу ч хийж чадахгүй байна.
Дэлхийн эдийн засгийн хөл дээр нь сөхрүүлж байгаа коронавирусийн халдварыг дотооддоо алдчихаад хоёр сар араас нь хөөж ямарч үр дүнгүй ажиллаж байна. Бидний зүгээс араас нь хөөгөөд гүйцэхгүй, чадахгүй гэдгийг анхааруулж Дархан-Уул аймагт яаж ажиллаж ямар хугацаанд халдварыг барьж болох уу гэдгийг хийж үзүүлсэн. Дархан-Уул аймгийн загвараар Эрдэнэт, Сэлэнгэ, Архангай аймгийн зарим сумд ажиллаж өнөөдөр ногоон бүс болсон байна. Одоо энэ загварыг Улаанбаатар хотод хийе гэхээр залхуураад юу ч хийхгүй байгаа.
Иргэд өөрсдийг хэрхэн хамгаалах талаар:
-Ирэх долоо хоног бол халдварын эрчим хамгийн өндөр байх тул иргэд маш анхааралтай байж халдвараас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол гадаргуу биш агааржуулалт учраас гадаргууд ачиж цэвэрлэхээс өмнө цонхоо онгойлгож агаар оруулах нь чухал. Агааржуулалтаас болж халдвар тархаж байгаа учир байрныхаа агааржуулалтыг бүгдийг нь хаа.
Халдвар эмЯ-ны хэлээд байгаа агаар дуслын замаар биш агаар амьсгалын замаар дамжиж байгаа. Одоо хамгийн эрсдэлтэй байгаа зүйлс бол лифт, орц, автобус байгаа учраас эдгээр зүйлүүдэд суухгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. Их олон хүнтэй газруудад нүдний шил зүүхийг зөвлөж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол ямар ч зохион байгуулалт алга, шийдвэрүүд нь хоорондоо авцалдаа алга тийм учраас төрдөө биш өөрөө өөртөө л итгэх цаг ирсэн.
Вакцины талаар:
-Вакцин гуравдугаар сард ирээд бүх иргэдийг хамруулаад сайхан болно гэдэг үлгэр шүү. Гурван сард вакцин орж ирэхгүй бол Эрүүл мэндийн сайд өөрөө саналаараа огцрох хэрэгтэй. Ард түмэнд ийм худлаа мэдээлэл өгч болохгүй. Дэлхий нийтэд вакцины нөхцөл байдал ямар болоод байгаа манай удирдлагууд мэдэж байгаа юм алга байна. Дэлхий нийтэд батлагдсан хоёр вакцин байгаа. Оном сан өнгөрсөн тав дахь өдөр Модернагийн гүйцэтгэх албан тушаалтнуудтай нь ярьсан.
Бидэнд өгсөн мэдээллээр “2021 оны гуравдугаар улирал хүртэл манайд зарах вакцин байхгүй, бүгд худалдагдсан байгаа. Монгол Улс вакцин худалдаж авъя гэж бодож байгаа бол цаг алдалгүй хурдан хугацаанд гэрээ хийхгүй бол маш урт хүлээлтийн ард орох гэж байгаа” гэдгийг хэлсэн. Манай Ерөнхийлөгч, Сангийн сайд нар Английн Астраханикагийн вакцин хөгжүүлэгч нартай ярьсан.
Тус вакцин одоо Англид олдохгүй үйлдвэрлээд өөрсдөө хийнэ гээд явж байна. Орос, Хятадын вакцины хувьд үйлдвэрлэл ямар төвшинд яаж явж байгаа тухай нарийн мэдээлэл байхгүй байгаа. Ерөнхийдөө манайд 2021 ондоо багтаад вакцин орж ирвэл их юм гэдгийг хэлье” гэлээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна