Төрийн албаны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Админ
2021/01/13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хурааж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд 48.1.2 дахь заалт нэмж дугаарлалтыг өөрчлөх, “48.1.2 нээлттэй сануулах” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналыг ажлын баг гаргасан байна. Нээлттэй болон хаалттай сануулах арга хэмжээний ялгааны талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тодруулав. Нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн сануулга Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж ирж байгаа учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр тусгажээ. Тодруулбал албан хаагчийн гаргасан зөрчлийн шинж байдлаас хамааран хөнгөн, хохирол багатай зөрчил бол ганцааранд нь сануулах, зөрчлийн шинж хүнд, давтан гаргасан бол хамт олонд мэдэгдэж нээлттэй сануулах гэж ялгаж байгааг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил тайлбарлав. Мөн төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын “Засаг дарга” гэсний дараа “сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналыг ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил Засаг даргын орлогчийн цалинг цалингийн сүлжээнд оруулаагүй байсан алдааг залруулж буй зохицуулалт гэдгийг тайлбарласан юм. Мөн  төслийн 2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах түүнчлэн дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”” гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. Мөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын баг байгуулах Байнгын хорооны тогтоолыг батлав. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, гишүүдэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нар орсон юм. Төслийг энэ оны гуравдугаар сарын 15-ны дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг тогтоолоор үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна