- Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулав -
Манай үеийнхэн Монгол Улсын нийгмийн хоёр өөр тогтолцооны үед амьдарч, ажиллаж ирлээ.Түүний нэг нь би билээ.1994 оны 11 дүгээр сарын 14-нд УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах чиг үүрэг бүхий Монгол Улсын Үнэт цаасны хороог байгуулж, анхны даргаар нь намайг томилсон.Ингэж эх орондоо цоо шинэ эдийн засгийн харилцааг үүсгэн төлөвшүүлэх үйлсэд амьдралынхаа ихээхэн цаг хугацаа, хүч мэдлэгээ зориулах завшаан надад тохиосон юм.
Үнэт цаасны хороог байгуулсан нь зах зээлийн эдийн засагт шилжиж буй Монгол Улсын хувьд бас нэгэн чухал үйл явдал байлаа. Зах зээлийн эдийн засагтай улс орны санхүүгийн секторын зайлшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг бүрэн хэмжээгээр “ажиллаж” эхлэхэд түүнийг зохицуулах, хянах төрийн тусгай чиг үүргийн байгууллага бий болсон гэсэн үг. Үнэт цаасны зах зээл, түүнийг зохицуулах байгууллага Монгол Улсад урьд өмнө байгаагүй, өмч хувьчлах явцад зах зээл үүссэн, зохицуулах байгууллага шинэ, ажил нь ч шинэ, хүмүүс нь ч шинээр бүрдсэнээрээ онцлог байлаа.
Миний өмнө Үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий төрийн тусгай чиг үүргийн байгууллагыг шинээр үүсгэн бий болгож ажиллуулах, Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах явдал тулгарсан.Юуны өмнө, мэргэжлийн сайн аппарат бүрдүүлэх, түүнээ чадварлаг боловсон хүчнээр хангах, сургах шаардлага гарсан юм.Хороонд ажиллах хүмүүсээ ихэвчлэн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдүүлж эхэлсэн.Бүх асуудлыг судлах шаардлага гарсан. 1994 оны эцсээс АНУ-аас эрдэмтэн, практик ажилтан, их сургуулийн багш нар урьж ажиллуулж хороонд 45 хоногийн сургалтыг 2 үе шаттайгаар явуулж, 1995 оны эхний хагаст дуусгав.
Миний бие АНУ-ын Үнэт цаасны зах зээлийн институтэд 2 сарын курс, Австрийн Вена хотод ОУВС-ийн институтэд сургалтад хамрагдсан.Мөн Дэлхийн банкны институтын шугамаар Станбул хотноо болсон хэд, хэдэн удаагийн семинар, сургалтад оролцож, дэлхийн том, том Хөрөнгийн бирж болон өндөр хөгжилтэй зарим улсын Үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж билээ.Энэ явцад зохицуулагч байгууллагын ажиллах чиглэлээр аппаратын бүтцийг зохион байгуулсан юм.Үүнд, Хөрөнгө оруулалтын чиглэлээр Бүртгэл санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, зах зээлийг зохицуулах асуудлаар Зах зээлийн зохицуулалтын хэлтэс, хуулийг хэрэгжүүлэхэд Хяналт шалгалтын хэлтэс, Дотоод ажлын тасаг гэсэн үндсэн 4 нэгжтэй байгуулж ажиллуулсан юм. Энэ зохион байгуулалт цомхон зөв байсан нь амьдрал дээр харагдсан болой. Дараагаар нь миний удирдлага дор аппаратын нөхдийнхөө хүчин чармайлтаар үнэт цаасны зах зээлийн зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж эхэлсэн, 30 гаруй заавар, журам, дүрэм боловсруулж хороогоор баталж мөрдүүлсэн.Эдгээр бүх баримт бичгийг Монголд анх удаа боловсруулан, хэрэгжүүлж, үнэт цаасны зах зээлийг зохицуулснаараа ач холбогдлоо өгсөн юм.Бүрэн эхээрээ хорооноос 1995-2003 онд хэвлүүлсэн “Үнэт цаасны зах зээлийн зохицуулах хууль, эрхзүйн бусад акт” гэсэн 12 эмхэтгэлд үлдсэн дээ.
Ийнхүү зах зээлийг зохицуулах, хяналт тавих журмууд батлагдан гарч Хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага, брокер, дилерийн компаниуд болон бусад үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэт цаасны хоёрдогч зах зээлд зохицуулах эрхзүйн үндсийг бүрдүүлж байсныг санаж байна.Мөн хорооны нэг том ажил нь хоёрдогч зах зээл эхлэхээс өмнө хөрөнгө оруулагчид, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудад зориулж семинар, хичээл сургалтыг олон ээлжээр зохион байгуулж, зохих журмын дагуу эдгээр байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, ажиллах хүмүүст нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгон, аттестатчлалд бүх хүмүүсийг оруулж байсан. Энэ бүхэн нүсэр их ажил агаад анхдагчдын зайлшгүй хийх ажил байлаа.30 жилийн дараа эргэн дурсахад сайхан байна.
Намайг энд ажиллах долоон жилийн хугацаанд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-д хүргүүлж, 2002 онд батлуулж билээ.Энэ нь бас зайлшгүй ажил байлаа.Үнэт цаасны тухай хууль анх “хоосон газар” боловсруулж баталсан хууль байсан юм. Практикт үүссэн, зах зээлийг, түүний байгууллагын үйл ажиллагааг зайлшгүй зохицуулах зохицуулалтыг хорооны журам, дүрмээр зохицуулж байсны заримыг хуульчлах шаардлага гарсан даа.
Их хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн хувьцааг ХОЭБ-ээр худалдаалах ажлыг зохион байгуулахаар 1991 оны 01 дүгээр сарын 18-нд өдөр Засгийн газар Монголын Хөрөнгийн биржийг байгуулсан юм. 1992 оны 02 дугаар сарын 07-нд МХБ дээр ХОЭБ-ийн анхны арилжаа явагдсан бөгөөд 1995 оны 5 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилсэн юм. Улсын үйлдвэрийг хувьчлах явцад 475 компанийн үнэт цаасыг анхдагч зах зээлд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хүн бүрт үнэ төлбөргүй хувьчилсан байж билээ.Үүний учир үнэт цаасны зах зээл манайд анхнаасаа эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай хөгжиж эхэлсэн юм.Харин дутагдаж байсан зүйл нь нийт хүмүүсийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тааруухан байсан. Энэ талд анхаарахаас өөр аргагүй байв.Миний бие бэлтгэгдсэн хүний хувьд ахмад дипломатч Б.Дашцэрэн гуайтай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нэр томъёоны толь, товч тайлбар” ном гаргасан.
Бусдын туршлагаас суралцах, дэлгэрүүлэхийг оролдож, “Үнэт цаасны хөгжингүй зах зээл: үүсэл хөгжил, дэд бүтэц, хандлага, туршлага” номоо ч бичиж билээ. Энэ номд гол нь хугацаа хожиж хөгжих тухай, бусад орны туулсан бүх замыг араас нь давтахгүйгээр өнөө үеийн хөгжлийг урдаас нь тосон хөгжиж болох тухай санааг бусдын туршлагад тулгуурлан гаргасан юм.Бид тэр үед 400 гаруй жилийн түүхтэй зах зээлийг 10 хүрэхгүй жилийн Монголынхтой харьцуулж өндөр үр дүн хүлээсэн байж магадгүй ээ.Нөгөө талаар, улс орны эдийн засгийн ерөнхий байдал, хуримтлалын хомсдол, нийт хүмүүсийн зах зээлийн мэдлэгийн төвшин, хувьцаа эзэмшигчдын тархай байдал нь энэ зах зээлийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байсныг хэлэх хэрэгтэй.Үнэт цаасны зах зээл хүмүүсийн итгэлцэл дээр тогтдог зах зээл учраас мэргэжлийн байгууллагад болон түүний удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс түүнээ муулж хэрхэвч болохгүй гэсэн сургамж бас үлдсэн юм даа.
Бүх бэлтгэлийг хангасны дараа Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлэх, үнэт цаасны арилжааг өдөр бүр явуулах нөхцөл бүрдсэн билээ.Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлэх тухай Монгол Улсын Үнэт цаасны хорооны даргын болон Өмч хувьчлалын комиссын дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал 1995 оны дундуур гарсан.1995 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хөрөнгийн биржид үнэт цаасны хоёрдогч зах зээлийн анхны арилжаа явагдаж, миний ширээн дээр арилжааны дүн тавигдаж билээ.Анхны тэр арилжааны захиалгад 168 компанийн үнэт цаас орж, 16 компанийн 12,776 ширхэг үнэт цаасыг арилжаалсан байлаа.Энэ өдөр хөрөнгийн зах зээлд 700 гаруй хүн, үүнээс мэргэжлийн 400 гаруй хүн бэлтгэгдэн ажиллаж байв. Энэ бол үнэн түүх болой. Энэ бол бас зах зээлийн эдийн засгийн шинэ цагийн эхлэлийн хонх цохисон явдал байлаа.Ач холбогдлоороо Монгол Улсын түүхэнд үнэхээр тэмдэглэгдэж үлдэх түүхэн үйл явдал болсон юм.Ийнхүү Төв Азийн элгэнд өнө мөнхөд орших Монгол Улсад үнэт цаасны зах зээл бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн юм.Үүнээс хойш 7 хоног бүрийн 5 өдөр үнэт цаасны арилжаа биржид тогтмол явагдаж өдөр бүрийн арилжааны дүнг төвийн хэвлэлээр мэдээлж байсан.Бидний бэлтгэл хангах их ажлын үр дүн ингэж гарсан юм даа.
Үнэт цаасны хоёрдогч зах зээл эхлэх үед улсын үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь, худалдаа үйлчилгээ бараг бүхэлдээ, мал сүргийн 90 гаруй хувь хувийн өмчид ногдох болсон байв. Хоёрдогч зах зээл эхэлснээс хойш ч хувьчлал үргэлжилсэн бөгөөд 1996 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар нийт дүнгээр нь 24.5 төгрөгийн хөрөнгө хувьчлах шийдвэр гарснаас их хувьчлалын хүрээнд 11.6 тэрбум, ХААН-ийн 4.0 тэрбум, бага хувьчлалын хүрээнд 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө хувьчлагдсан юм. ХОЭБ-ийн цэнхэр тасалбараар 15.2, ягаан тасалбараар 4.4 тэрбум, бэлэн мөнгөөр болон зээлээр 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө хувьчлагдсан билээ. Үнэт цаасны хоёрдогч зах зээл эхлэх өдөр хүртэл МХБ дээр 193 удаа арилжаа явагдаж, 475 ХК-ийн 195.8 сая ширхэг хувьцаа арилжаалсан байсан бөгөөд Монгол Улсын 1.2 сая гаруй иргэн хувьцаа эзэмшигч болсон байсан. 475 компанийн 241-ийг бүрэн хувьчилсан, 234 компанийн хувьцааны 5-90 хувь нь төрийн мэдэлд үлдсэн байсан ажгуу.
Манай хувьчлалын 1991-1995 оны эхний үе монголд төдийгүй олон улсын хувьд ч том сургамж үлдээсэн.Энэ үе бол Монгол Улсын урт хугацааны түүхэнд ямар ч гэсэн эерэг хийгээд сөрөг сургамжтай нэгэн түүх болон бичигдэх биз ээ.Намайг Үнэт цаасны хороонд ажиллахад хамтран ажилласан бүх хүнд энэхүү тэмдэглэлт өдөр гүнээ хүндэтгэлтэйгээр талархаж явдгаа дурсмаар байна.Тэд бүх ажлыг шинээр үүсгэж нугалж байлаа.Хорооны Албаны дарга УИХ-ын гишүүн асан Ж.Жадамбаа, доктор, профессор Д.Сэржамц, хэлтсийн дарга Д.Сэржамц, доктор, проф.Б.Аюуш, Р.Содхүү, Л.Нямдагва, доктор, профессор Н.Бүрэн, О.Энхбаатар, Ө.Цэрэндорж, Х.Володя, мэргэжилтэн Б.Маймөнх, Б.Оюумаа Батсэлэгэ нараа юуны өмнө дурсах байна.Тэд маань шинэ соргог ажлыг ойлгож, чин үнэнчээр ажилласан юм шүү.Бас МХБ-ийн тэр үеийн удирдлагуудын болон мэргэжилтэн залуусын хөдөлмөрийг өндрөөр үнэлж явдгаа энэ мөчид дурсан өчсү.
Үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах чиг үүрэг бүхий Монгол Улсын Үнэт цаасны хороонд миний ажилласан долоон жилийн хугацаа надад зах зээлийн эдийн засагт амьдрал практик дээр суралцсан, үр өгөөжтэй амьдралын их сургууль болж өнгөрсөн. Хамтран ажилласан нөхөд минь ч үүргээ мэргэжил-ёс зүйн хувьд чадамгай гүйцэтгэснийг энэ өдөр дурсахад сайхан байна.
Ж.Ядамсүрэн /Монгол Улсын Үнэт цаасны хорооны анхны дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор/
эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна