Дэлхийн хүн амын 60-70 хувь вакцинд хамрагдсанаар коронавирусний тархвар зүйд өөрчлөлт орно

Админ
2021/01/15

Дэлхий дахинд коронавирусний эсрэг вакцин хэрэглээд сар гаруй болж байгаа боловч коронавируст халдварын тархвар зүйн муруйд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Тиймээс дэлхийн хүн амын 60-70 хувь нь хамрагдаж байж коронавирусний тархвар зүйд өөрчлөлт орно хэмээн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.

Одоогоор Канад, АНУ, Их Британийн Вант улс, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Беларусь, Аргентин, Израйл зэрэг дэлхийн 46 оронд 228 сая хүн тун вакциныг хэрэглэж эхлээд байна.

Хөгжүүлэлтийн шатанд 232, эмнэлзүйн өмнөх туршилтад 1728 вакцин байгаа бол 60 вакцин эмнэлзүйн туршилтаа давж гарчээ.

Файзер вакциныг ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 31-нд олгосон байна.

ОХУ, БНХАУ өөрийн орны вакциныг өргөн хэрэглэж байна. Тухайлбал, ОХУ-ын Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн судалгааны төвийн аденовируст суурилсан “Спутник В” вакцин, БНХАУ-ын  Синовак, Синофарм вакциныг өөрийн орноос гадна дэлхийн нэлээн оронд хэрэглэж байгаа юм.

Вакцин хийлгэсэн ч гэсэн гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэсэн гурван алтан зарчмыг бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр вакцин дэлхий дахинд хангалттай хийсэн ч гэсэн эдгээр аргыг хамт хэрэглэж байж үр дүнд хүрнэ гэдгийг ДЭМБ анхааруулсан байна. Ялангуяа 2021 оныг хүн хоорондын зай барих арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлэх он болох ёстой гэдгийг ДЭМБ зөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна