Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвших эрх байгаа эсэх асуудлаар олон нийтийн дунд эргэлзээ үүсэж, энэ сэдвээр санал шүүмж хүчтэй өрнөж байна.
Учир нь Монгол Улс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, өнгөрөгч 2020 оны тавдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Харин энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тусгасан. Иймд дээрх асуудлаар УИХ-ын гишүүд, хуульчдын байр суурийг сонирхлоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ЗӨВХӨН НЭГ УДАА, ЗУРГААН ЖИЛ гэж маш тодорхой заагдсан
Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжин: 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг хүн нэг удаа хэрэгжүүлэх тухай юм. Зөвхөн нэг удаа, 50-аас дээш настай, Монгол Улсын иргэн гэдэг зарчим. Энэ зарчим хэн нэгэн одоо Ерөнхийлөгч байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн ч байсан одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг иргэдийн сонголтын өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр адил тэгш эрхтэй байх тухай яриа. Зөвхөн нэг удаа гэдгийг хэн нэгэнд зориулаад үйлчлэхгүй гэвэл өөр бас нэгэнд нь зориулаад 50 насыг 45 насаар тооцож болох уу. Ийм зөрчилдөөн Үндсэн хуульд үүсгэж болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш тодорхой заагдсан зөвхөн нэг удаа, зургаан жилээр, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэдэг шаардлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэн бүрт адил тавигдаж, сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим Эрүүгийн хуульд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж, яллаж байгаа зүйл биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим энэ харилцаанд огт яригдахгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийн нэгэнд нь зориулагдаад нөгөөд нь зориулагддаггүй зарчим гэж хуульд байх ёсгүй.
Маргааныг ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ хэрхэн шийдвэрлэхээс хамаарна
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах уу гэдгээс их зүйл шалтгаална. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж болно. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална.
Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өргөн барьсан төсөл дээр ажиллаж байсан хуульчдын санал ямар байсан бэ гэхээр хууль зүйн факт нь дуусаагүй ч гэсэн нэг л удаа сонгогдох учраас урьд нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хамаа байхгүй гэсэн байдлаар оруулж байсан. Гэхдээ энэ нь дотроо нэгдсэн байдлаар хангагдаагүй.
Өмнө нь Ерөнхийлөгч байсан бол ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн: Би өмнө нь ч гэсэн энэ сэдвээр байр сууриа илэрхийлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй гэдэг зүйл харагдаж байгаа.
Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Одоогийн ерөнхийлөгч нэр дэвших боломжтой юу үгүй гэдэг маргаан үүсгэхгүйн тулд хэрвээ сонгогдох юм бол хоёр дахь бүрэн эрх нь дууссаны дараагаас энэ заалт хэрэгжинэ гэдэг агуулгаар заалтыг оруулсан байсан.
Эцсийн мөчид хууль батлахдаа тэр заалтаа бусад заалтынхаа адилаар 2020 оны таван сарын 25-аас хэрэгжинэ гээд хуульдаа оруулсан байгаа. Энэ нь ерөөсөө л одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдохгүй байя гэдэг санаатай хийсэн учраас 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлнэ гэсэн юм болов уу гэдэг тайлбар байж болохоор байгаа юм. Тэгэхээр түүхчилсэн тайлбараар ийм байж болно.
Нөгөө талаас нь үгчилж тайлбарлая гэж бодоход, ерөнхийлөгчтэй холбоотой заалтан дээр “Нэг удаа сонгоно, зургаан жилээр сонгоно” гэсэн хоёр үг байгаа. Нэг удаа сонгогдоно гэдэг бол ойлгомжтой. Өмнө нь сонгогдсон хүн дахин сонгогдож болохгүй гэдэг агуулга. Мөн зургаан жилээр сонгогдоно гэдэг агуулгыг харсан ч гэсэн одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвшээд сонгогдох юм бол арван жил болчихно. Тэгэхээр үгчлээд тайлбарласан ч өмнө нь ерөнхийлөгч байсан бол дахин нэр дэвших боломжгүй юм.
Аль ч тохиолдолд НАЙМАН ЖИЛЭЭС ДЭЭШ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Одоогийн Ерөнхийлөгч угаасаа нэр дэвших боломжгүй. Өмнөх Үндсэн хуулиар нэг хүн хамгийн ихдээ хоёр удаа буюу найман жил, нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ зургаан жил. Тэгэхээр аль ч тохиолдолд найман жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар сонгуульд нэр дэвших боломжгүй.
Ерөнхийлөгч байсан, байгаа ТАВАН ХҮНИЙ ХЭН НЬ Ч НЭР ДЭВШИЖ БОЛОХ НЬ
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж: Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон учраас 2021 онд сонгууль болно гэж үзээд зөвхөн ганц удаа сонгогдоно гэснээр нь энэ сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж яриад байх шиг. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн 30.2-ын дагуу нэр дэвшиж болохгүй гээд байна аа даа. 30.2-ыг сонгуулийн харилцаа гэж үзээд. Тэгвэл зургаан жилээр зөвхөн ганц удаа сонгогдоно гэсэн сонгуулийн харилцаа (бүрэн эрхийг тогтоогоогүй гэж үзье) нь дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид хамааралгүй болж таарна биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан, байгаа таван хүний хэн нь ч нэр дэвшиж болох нь ээ. Зөвхөн энэ удаа ч биш, цаашдаа ч мөн адил. Харин зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид болохгүй нь.
Эх сурвалж: zindaa.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна