Дарангуйлагч удирдагчдын улс орноосоо хулгайлж гадаадад нуусан хөрөнгийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн АНУ-ын “K2 intelligence“ компани 2018 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд гадныхантай нийлж, хэрхэн улс орноо цөлмөсөн хийгээд, хаана хэдэн төгрөгийн хөрөнгө нууж байгааг илрүүлжээ.
Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын оффшор компаниудаараа дамжуулан Хонконг, Их Британи, АНУ-д эзэмшдэг үнэтэй хөрөнгүүдийн эзэн нь Монгол улсын Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү. Батболд болохыг тогтоожээ.
1. Сү. БАТБОЛД ГАДНЫХАНЫ НЭР ДЭЭР БАЙГУУЛСАН ОФФШОР КОМПАНИУДААРАА ДАМЖУУЛАН ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ “ЗУУЧИЛЖ” АШИГ ОЛДОГ АЖЭЭ.
Сү. Батболд Ерөнхий сайд байхдаа хамтрагчид болох Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын оффшор бүсэд байгуулсан 4 компанийг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийлгэсэн байна. Гол ажил нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гэрээний дагуу хямд үнээр аваад цааш нь өндөр үнээр дамлан зарах юм. Энэ хүмүүс хэн бэ? гэвэл:
БНСУ-ын иргэн Чёон Чү Ёон нь 1995 онд Самсунг, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувь нийлүүлсэн “Эрдсам” компаний Солонгос талыг хариуцан ажиллаж байсан. Энэ үеэс Сү.Батболдтой найзалж, улмаар 2007 онд Самсунгаас гарч, Сү. Батболдын ТӨЛӨӨНИЙ ХҮН болжээ. Эндээс эхлэн эхнэр нөхөр хоёр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг дамлан зарах ДУНДЫН ЗУУЧ-ийн ажлыг хийжээ.
2007.02.23-д Хонконгд байгуулагдсан “lidex Holdings limited ” компаний захирлаар Чёон Чү Ёон 2009-2010 оны хооронд ажиллаж байгаад 100% эзэмшигч нь болжээ. 2007 оны эхээр “lidex Holdings limited ” нь Эрдэнэттэй 20,000 тн, 2008.11.14-нд 150,000 тн зэсийн баяжмал авах гэрээ байгуулжээ. Гэвч гэрээгээ 2011 онд хүчингүй болгож, шинээр байгуулагдсан “Catrison limited ” компани Эрдэнэтийн гол худалдан авагч болсон байна.
“Catrison Limited” компанийг 2011.02.08-д Чёон Чү Ёоны эхнэр Хак Сёон байгуулжээ. Байгуулагдснаасаа хойш 6 хан хоногийн дараа "Catrison limited ” компани Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан байна.
- 2011.02.14-д 150,000 тн баяжмал,
- 2011.12.14-нд 240,000 тн баяжмалыг 3 жилийн хугацаанд авах гэрээ тус тус хийжээ.
“Сatrison Limited ” компани Эрдэнэтээс энэ баяжмалыг худалдан авсан даруйдаа Их Британийн “Ocean Partners UK Limited” компанид дамлан заржээ. “Ocean Partners UK Limited” өмнө нь Эрдэнэтийн томоохон худалдан авагч байсан. Шинээр байгуулагдсан “Сatrison limited ” зөвхөн дамжуулан зарж, дундаас нь ашиг унагах үүрэгтэй.
2012.01.26-ны өдөр “Cliveden “ хэмээх компаний захирлаар Хак Сёон томилогджээ. “Cliveden “ компани Эрдэнэт үйлдвэрээс
2011.12.14-нд 240,000 тн баяжмал
2016.09.07-нд 86,000 тн баяжмал авах гэрээ тус тус байгуулсан.
Энэ мэтээр 2012-2019 он ы хооронд “Cliveden “ компанид 163,6 сая ам долларын зэсийн баяжмал нийлүүлжээ.
Чёон Чү Ёон 2010.11.19-д оффшор бүс Британийн Виржинийн арлуудад “Genetrade Limited” компанийг бүртгүүлжээ. Удалгүй тус компани Эрдэнэт үйлдвэртэй
2010.12.24-нд 3,300 тн баяжмал авах гэрээ байгуулж
2011.12.06-нд 3,800 тн баяжмалыг 68,5 сая ам доллараар заржээ.
Оффшор бүсэд бүртгэлтэй эдгээр компаниуд нь Сү. Батболд болон түүний хүү Б.Баттүшигтэй имэйл хаягаар дамжуулан харьцаж байсан нь тогтоогдсон байна.
2. Сү. БАТБОЛД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГАДНЫХАНД АШИГТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮЕЭР ОФФШОР КОМПАНИУД РУУ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШИЛЖЖЭЭ.
Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Сү.Батболд Ерөнхий сайд болсон. 2010 оны 8 сарын 25-26-ны өдрүүдэд Оюутолгойн уурхай дээр Ерөнхий сайдын хувиар очиж төслийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ үетэй давхцан Сү. Батболдын төлөөний хүн болон Чёон нарын Британийн Виржинийн арлууд болон Хонконг дахь оффшор компаний данс руу өөр оффшор компаниудаас их хэмжээний мөнгөний шилжүүлгүүд хийгдсэн байна.
Улмаар 2010 оны 12-р сард Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшил, менежментийн асуудлаар Айвонхоу, Рио Тинто-той хэлэлцээр хийж эхэлсэн. Хэлэлцээрийг Сү.Батболд ахалж байлаа. Үр дүнд нь Рио Тинто компани Айвонхоу дахь хувиа 42,3% болтол ихэсгэж, Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэл, менежментийг хариуцах болсон юм.
2010.12.08-ны өдөр Айвонхоу, Рио Тинто, Монгол улсын Засгийн газар гурав шийдэлд хүрч, төслийн шууд удирдлагыг Рио Тинто авах болсон юм. Хэлэлцээрийн явцад Рио Тинто, Айваонхоу-д ашигтай шийдвэр гарах бүрт болон хэлэлцээр дууссаны дараа Айвонхоутай холбоотой хувь хүмүүс, хуулийн этгээдүүд Сү. Батболдын төлөөний хүн болох Чёон тэргүүтний оффшор бүсэд байгуулсан компаниуд руу хөрөнгө шилжүүлэх болсон юм. Улмаар 2011 оны 6-р сард Оюутолгой төслийн эзэмшил, санхүүжилтийн хэлэлцээрээр зээлийн хүүгийн хувьд Рио Тинто-д ашигтай хэд хэдэн шийдвэрүүд гарсан. Яг энэ үеэр дахин Сү. Батболдын төлөөний хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байна. Энэ бүх хууль бус орлого, луйвар, авлигалаа нуун далдлахын тулд Сү.Батболд болон түүний хамтрагчид 10 гаруй улсад 100 орчим компаниар дамжуулан үл хөдлөх хөрөнгө болон, банкны дансуудыг эзэмшиж байна.
Сү.Батболдын гэр бүлийн гишүүдийн амьдарч байсан Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгө, Бостон дахь үл хөдлөх хөрөнгө , цаашлаад 31 сая ам доллар хүртэлх үнэ бүхий Нью-Иорк, Хонконг , Тайланд дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Чёон болон түүний хамтрагчид Сү. Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна