ВВС агентлаг Фил Спекторын үхэлтэй холбоотой алдаатай мэдээ гаргасандаа уучлалт гуйжээ. Хөгжмийн продюсер асан Фил Спектор нь 2003 онд жүжигчин Лана Кларксоны аминд хүрсэн хэргээр 2009 оноос хойш шоронд ял эдэлж байсан бөгөөд өнгөрсөн бямба гарагт 81 насандаа нас барсан байна.
ВВС шуурхай мэдээнийхээ эхний гарчгийг "Авьяаслаг боловч алдаж явсан продюсер Фил Спектор 81 насандаа таалал төгсжээ" хэмээн гарчиглажээ. Гэвч энэ нь тус агентлагийн редакцийн бодлогод тохироогүй тул "Аллагын хэргээр шоронд ял эдэлж байсан поп продюсер 81 насандаа нас барлаа" хэмээн өөрчилсөн байна.
"Бид энэ гарчгаа хэдхэн минутын дотор өөрчилж, жиргээгээ устгасан. Алдаа гаргасандаа уучлалт хүсэж байна" хэмээн ВВС агентлагаас залруулга гаргажээ. Түүнчлэн мэдээний агуулгадаа Фил Спекторын хэргийн талаар дурдсан байсан гэдгээ онцолсон байна.
Алдаатай гарчигтай холбоотойгоор нийгмийн сүлжээнд ВВС багагүй шүүмжлэлд өртсөн байна. "Тэр Лана Кларксоныг алсан. Уучилж боломгүй мэдээ байна" хэмээн Их Британийн парламент дахь Хөдөлмөрийн намын гишүүн Апсана Бегум бичжээ. Мөн зохиолч, түүхч Хэлли Рубенхолд "Алуурчин Фил Спектор 81 насандаа нас барлаа" гэвэл ямар вэ?" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Уг гарчгийг мөн зурагт, радиогоор ч мөн шүүмжилжээ.
Фил Спектор нь Бийтлз, The Righteous Brothers хамтлаг болон дуучин Тина Тёрнер нартай хамтран ажиллаж байв.
Тэрбээр 2003 онд жүжигчин Лана Кларксоныг буудсан хэргээр 2009 онд 19 жилийн хорих ял сонссон байна. Спекторын гэрт амиа алдсан жүжигчин Лана Кларксоны үхлийн талаар анх Фил Спектор "Кларксон өөрийгөө буудсан", "санаандгүй амиа хорлосон" гэх зэргээр мэдүүлж байжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичигдээгүй байна