Цэргийн төв эмнэлэгт ээжтэйгээ хамт тусгаарлагдсан нярайд халдвар илэрсэн гэсэн мэдээлэл гарчээ. Энэ талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр хариулт өгсөн юм.
Тэрбээр, “Эх халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан хүүхэдтэйгээ хамт хэвтэж байгаа. Нярайд халдвар илэрсэн шинжилгээний хариу гараагүй. Ээж нь халдварласан тохиолдолд хөхүүл хүүхдийг хамт тусгаарлахаас өөр аргагүй байдаг. Тусгаарлагдах үед нь халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байгаа. Ер нь бол, хөхүүл хүүхдээ авч тусгаарлагдсан хэд хэдэн тохиолдол бий ” гэлээ.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Энэ талаар Англид судалгаа хийсэн байдаг. Дэлхий дахинд коронавирусний халдвартай эх хүүхдээ хөхүүлж байх зөвлөмжийг өгч байгаа. Яагаад гэвэл, хөхний сүү бол маш их шим тэжээлтэй, дархлаа буюу эсрэг бие үүсгэдэг. Саяхан Норвегид халдвартай ээжээс эсрэг бие үүссэн, дархлаатай хүүхэд төрлөө гэсэн сайхан мэдээ гарсан байсан" хэмээн тодотгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна