Учир нь Нийслэлийн Засаг даргын 2020.11.20-ны өдрийн А/1250 дугаар захирамжид “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газарт даалгасугай” гэж заасан. Энд QR код бүртгүүлээгүй иргэн, байгууллагад арга хэмжээ ав гэж нэг ч өгүүлбэр байхгүй. Нөгөө талаар Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн заалт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. QR кодтой холбоотой Нийслэлийн Засаг даргын баталсан журам, хэм хэмжээний акт “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдээгүй. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн заалт нь нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй. Иргэд, байгууллагаас ийм үүргийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Энэхүү хууль бус үйлдлүүдээрээ 2021.01.15-ны өдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгжид QR код үүсгүүлж, нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэнээр энэхүү QR кодыг уншуулжээ.
Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа байхгүй, иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байгаа тул иргэд, байгууллагуудын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандах нь улам бүр чухал болж байна.
Эх сурвалж: factcheck.mnХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна