2020 онд дэлхийн хэмжээнд цахим халдлагаас үүдэлтэй хохирлын хэмжээ 1 их наяд орчим ам.доллар хүрчээ

Админ
2021/01/21

Цахим халдлагуудаас үүдэлтэй хохирлын хэмжээ 2020 онд бараг нэг их наяд ам.доллар хүрснийг АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв, “McAfee” компанийн хамтарсан судалгаа харуулж байна. Цар тахал дэгдсэн нь хэрэглэгч болон бизнесүүдийг "онилох" шинэ боломжуудыг хакеруудад олгосон гэж тайландаа онцолжээ. Тухайлбал: хөл хорио тогтоосноор байгууллагууд цахимаар хурал, зөвлөгөөн зохион байгуулж, гэрээсээ ажиллах болсноор мэдээлэл технологийн хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Энэ нь цахим халдлага үйлдэгчдэд том завшаан болж байгааг тодотгожээ. Европын Холбооны Кибер аюулгүй байдлын агентлагийн гаргасан тайланд хортой код, вебд суурилсан болон веб аппликейшн төрлийн халдлага, фишинг, үйлчилгээ бусниулах зэрэг халдлагууд давтамж болон хор хохирол их дагуулж байгааг дурджээ. Тоон үзүүлэлтийг нарийвчлан харвал олон улсын цахим халдлагаас хүлээх нийт хохирлын хэмжээ 2018 оныхоос хоёр дахин өссөн байна. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлын зарцуулалт 145 тэрбум ам.доллар давна гэсэн тооцооллыг өнгөрсөн оны 12 дугаар сард танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дэлхийн эдийн засагт нэг их наяд ам.долларын "ачаа үүрүүлж" байгаа аж. Дашрамд дурдахад, Монгол Улсад ч мөн цахим халдлага эрчимжжээ. Тухайлбал: хамгийн сүүлд БНХАУ-ын дэмжлэгтэй хакерын бүлэг өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газрын 100 гаруй агентлаг болон дата төвийн мэдээллийн сүлжээнд халдсан талаар Словакийн цахим аюулгүй байдлын “Eset” компани мэдээлж байсан юм. эх сурвалж: gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна