У.Хүрэлсүх огцорч Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг авчирлаа

Админ
2021/01/22

Ардчиллын түүхэнд анх удаа иргэд өөрсдийн чин сэтгэл, итгэл үнэмшлээр юунд хүрч болдгийг харлаа. Сэтгэл өвтгөм дүр зураг харсан иргэд Сүхбаатарын талбайд гарч жагссан нь энэ нийгмийн үнэт зүйл хийгээд эдлэх ёстой эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг. Засгийн газар ч ард иргэдийнхээ үгийг сонсож, нийгмийнхээ үнэт зарчмыг даган, түүхэндээ анх удаа хоёр сайдаа огцрууллаа. Гэтэл МАН-ын ТУЗ хуралдаж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар болсон нь олны гайхширлыг төрүүлэв. Гайхахаас ч аргагүй. Бидний ардчилсан гээд 30 жил төөрч эндүүрсэн нийгмийн мөн чанарыг жинхэнэ утгаар нь У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсын хэмжээнд тунхаглалаа. Үүссэн нөхцөл байдалд уялдуулан, хоёрын хоёр сайдаа огцруулсан Засгийн газар үлдэх бүрэн боломжтой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгмийн үнэт зарчим, улс төрийн ёс зүйг баримтлан огцорч байгаа нь яах аргагүй түүхэн явдал болов. Нэг талдаа маш харамсалтай. Ийм цаг дор ардчилал хэмээн цээжээ дэлддэг улстөрчид бол өчүүхэн сүүдрүүд байжээ гэдгийг ард түмэн харлаа. Харин энэ тэмцлээ хэрхэн үнэ цэнтэй хадгалах вэ гэдэг асуудал тэмцлээсээ илүү үнэт зүйл болон үлдлээ. Шалдар булдар улстөрчдийн тоглоом болговол эрх баригчид, Гүйцэтгэх засаглалын гаргасан эр зориг хий хоосон дурсамж болон үлдэнэ. Өрсөлдөөнт энэ талбарт зарим улс төрийн хүчнүүд баярлаж байгаа нь ойлгомжтой. Баярлахаар барахгүй, УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтнүүд иргэдийг буруу тийш турхирахаар очиж байгааг бид харсан. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хүртэл талбай дээр очиж, жагсагчид хөөгдсөн. Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулга ч байгаа нь илт. Тэд ард түмний жагсаалыг буруу тийш эргүүлж дундаас нь хожил харж суугаа хүмүүс. Энэ мэтээс харахад засаглалын тогтворгүй байдал үүсэх магадлал өндөр болж байна. Үүсэх биш, тэд үүсгэхээр харагдана. Эдийн засгийн хүндрэл, цар тахлаас эхлээд олон бэрхшээл дунд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажилласан гэж ам дүүрэн хэлэх байх. Хүнд нөхцөлд олон ч бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй ард иргэдийн амьдрал ахуйд ч бодит тусгал болж чадсан гэдгийг ярьж байна. Нийгмийн үнэт зүйл, улс төрийн ёс зүйг Монгол Улсад нутагшуулахын төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ бүхнийг орхисон гэдгийг хаа хаанаа санаж явах хэрэгтэй. Ардчилсан улс орны иргэд эрх чөлөө, өөрийнхөө эдлэх ёстой бүхнийг тэмцэн олж болдгийн томоохон дүр зургийг төр ч тэр иргэд ч харуулж сэрээж өгөв. Түүнээс энд улс төрийн зорилготой ямар нэгэн “Хонх” дуулаад сэрэх нь өнгөрсөн дүлий нийгэм байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна