Шинээр 16 хүнээс коронавирусны халдвар илэрлээ
ЭМЯ-наас мэдээлэл өгч байна. Нийт 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна гэв.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан, Сэлэнгийн салбаруудад нийт 12848 хүнд шинжилгээ хийсэн.
Үүнээс 16 хүний PCR шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний 9 нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт орших нийтийн байрны оршин суугчид байна. Ковидын батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед буюу халдвар тараах эрсдэлтэй үедээ тухайн байранд байсан. Иймд Баянзүрх үүргийн 2-р хорооны голомтын тандалт илрүүлгийг өчигдрөөс эхлүүллээ. Нийт 400 өрхийн 1000 гаруй хүнээс шинжилгээ авна. Энэ нь гэр хорооллын бүс. Үлдсэн тохиолдлууд нь өмнөх тохиолдлуудын ажлын газрын болон гэр бүлийн хүмүүс байна. Нийслэлийн нийт батлагдсан тохиолдол 798 боллоо.
Цэргийн төв эмнэлэг 11-р сарын 22-ноос хойш идэвхтэй ажиллаж байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт 183, Улсын нэгдүгээрт эмнэлэгт 7 хүн хяналтад байна. УБ-т халдварын голомтын хүрээ тэлсээр байгааг та бүхэн анхаараарай. Бүх төрлийн үйлчилгээний байгууллагыг нээснээр таны халдвар авах эрсдэл нэмэгдлээ. Иймд иргэд хоорондын зайгаа барьж, олон хүн цугласан газраар явахгүй байх хэрэгтэй байна. Халдвар авсан хүнтэй хавьтал авсан атлаа хэлэхгүй байх тохиолдол байна. Хоёрдогч хавьтлын тоо 5000-д хүрээд байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгч дараах зөвлөгөөг өглөө:
-Сүүлийн 30 хоногт халдвар орон нутагт гарсангүй. Зургаан аймагт халдвар гарсан ч одоо бүрэн хяналтад байна. Нийслэл хамгийн идэвхтэй бүс хэвээр байна. Хөл хориог сулруулснаар шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Мөн Сүхбаатарын талбайд томоохон жагсаал боллоо. Үсчин, гоо сайхны газруудыг нээсэн тул үйлчлүүлэгчид ихээхэн анхааралтай байх хэрэгтэй.
Бидний өгч буй зөвлөмжийг дагаарай. 15 минутаас илүү удаан хугацаагаар байх нь эрсдэлтэй тул урьдчилж цаг аваад үйлчлүүлээрэй.
Томуугийн дэгдэлтийн улирал үргэлжилсээр байна. Цахимаар худалдаагаа хийгээрэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна