ОРОС ШИГ “ЦУСТ МӨРГӨЛДӨӨН” БОЛОХООС У.ХҮРЭЛСҮХ СЭРГИЙЛЖЭЭ

Админ
2021/01/26

Дэлхий нийт хойд хөршид өрнөж байгаа "цуст мөргөлдөөн"-ийг анхааралтай ажиглаж байна. Учир нь, ОХУ-ын олон мянган иргэн Путиний хэт их эрх мэдлийг эсэргүүцэн жагсаж, цус асгаруулсан тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Тэгвэл энэхүү үйл явдалтай адил "цуст мөргөлдөөн" хэдхэн хоногийн өмнө манай улсад болох байсан байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч энэ бүхнийг урьдчилж харсан У.Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэрийг гаргасан байж мэднэ. Өөрөөр хэлбэл, нэг талаараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд хөршид болж байгаа үйл явдалтай адил зүйл болохоос сэргийлж, Засгийн газрын тэргүүний суудлаасаа огцорсон гэж тайлбарлаж болохоор байна. Харин ОХУ-ын төр, засгийнхан эсрэгээрээ ард иргэдийнхээ эсрэг хүйтэн зэвсэг агсаж байна. Ямар сайндаа л ОХУ-ын олон залуус "Монгол Улсын иргэн байсан ч болоосой" гэх зэргээр олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. Хамгийн гол нь, ОХУ-д өрнөж байгаа "цуст мөргөлдөөн"-ийг хэн ч уриалаагүй, хэн ч удирдаагүй. Зөвхөн тус улсын иргэд нь нэг хүний хэт их эрх мэдлийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэн жагссан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцроогүй бол ОХУ-д өрнөж байгаа аймшигт үйл явдал Монгол Улсад болох байсан эсэхийг үгүйсгэх аргагүй юм. Иргэдийнхээ өөдөөс төмөр нүүрээ харуулсан төр ямар хүнд байдалд ордог, хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч болдог жишээг бид мэднэ. Монголчууд 2008 оны долоо дугаар сарын 01-ний хар өдрийг мартаагүй, мартах ч ёсгүй. Төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзсэн иргэд, сонгогчид эсэргүүцлээ илэрхийлж, төр нь таван хүний халуун аминд хүрсэн гашуун түүх бий. Тэр хар өдрийг давтах ёсгүй гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ бүхнийг урьдчилан харж, тооцоолсон болохоороо л ажлаа өгсөн байхыг үгүйсгэх аргагүй билээ. У.Хүрэлсүхийн энэхүү үйлдэл нь Монголын улс төрд шинэ соёл, шинэ жишиг тогтоосон гэдгийг сануулах нь илүүц биз ээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна