БШУЯ 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулах юм.
Энэ тухай
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээлэхдээ, "COVID-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 2, 3-р сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна. Мөн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хоёрдугаар сард их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Түүнчлэн өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа. Эдгээрт цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхэд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан. Танхимаар эхлүүлэхийг 16 хувь, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлэхийг 20 хувь гээд нийт хүүхдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн. Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ. Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, Засгийн газрын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 1-нээс эсвэл хоёрдугаар сарын 15-наас гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна