Flaming Lips рок хамтлаг өнгөрсөн долоо хоногт Оклахома мужид амьд тоглолтоо хийжээ. Халдвар тархахаас сэргийлэхийн тулд үзэгчид болон тайзнаа гарсан уран бүтээлчид бүгд хийлдэг бөмбөлөгт орсон нь сонирхолтой шийдэл болжээ.
Танхимд ойролцоогоор 100 орчим хийлдэг бөмбөлөг байрлуулсан бөгөөд нэг бөмбөлөгт дээд тал нь гурван үзэгч орох боломжтой байхаар зохион байгуулжээ. Гурван үзэгч орсон тохиолдолд 1 цаг 10 минутын турш амьсгалах хэмжээний хангалттай хүчилтөрөгчөөр дүүргэсэн хэмээн тайлбарлажээ.

Мөн бөмбөлөг тус бүрийн дотор цэвэр ус, батарейгаар ажилладаг сэнс, ариун цэврийн цаас, "Энд халуун байна, бие засах хэрэгтэй байна" гэсэн бичигтэй тэмдэг тавьжээ. Хэрэв бөмбөлөгт хэт халуун байвал гаднаас хүйтэн агаараар үлээлгэж өгнө, үзэгч ариун цэврийн өрөө орох шаардлага гарвал маскаа зүүсний дараа бөмбөлөгөөс гарч, туслах ажилтныг дагалдаж явах аж.
Үүнээс гадна бөмбөлөг дотор өндөр давтамжийн спикер нэмэлтээр суурилуулсан тул хөгжмийн дуугаралтыг бүрэн мэдрэхэд ямар нэгэн саад гараагүй гэж тоглолтыг зохион байгуулагчид ярьсан байна.
Flaming Lips хамтлагийн гоцлол дуучин Уэйн Койн "Энэ нь хүнсний дэлгүүрт очсоноос ч аюул багатай" гэж "хийлдэг бөмбөлөг"-тэй тоглолтынхоо талаар ярьжээ.
Хийлдэг бөмбөлөгтэй тоглолт, концертод явахдаа анхаарах зүйл, зөвлөмж бүхий бичлэгийг дуучин Уэйн Койн инстаграмдаа оруулжээ. Flaming Lips хамтлагийн туршлагад тулгуурлаж бусад хамтлаг, дуучид ч ийм байдлаар тоглолтоо зохион байгуулах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичигдээгүй байна