Рио Тинто группийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар Б.Болд томилогдлоо
Админ
Өчигдөр 09 цаг 56 минут
Рио Тинтогийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар Б.Болд томилогдлоо. Зэсийн групп Хойд Америк,
Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж, төслүүдийг
хэрэгжүүлдэг.
Зэс, очир эрдэнийн группийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Арнауд Суарат Рио Тинто группийн
Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын шинэ албан үүргийг хүлээн авна.
Өөрийн хүлээн авч буй шинэ албан үүргийн тухайд Б.Болд “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан
ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг байх
болно. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр
дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд Монгол хүний хувиар их бахархдаг.
Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад
тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд
анхаарч ажиллах болно. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг
бий болгохыг зорьж байна. Оюу толгой бол Рио Тинто болон Монголын ард түмний хувьд чухал төсөл.
УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг
урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэж хэллээ.
Мөн тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж
буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө
оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө
ажиллах болно. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурсэстай хамтран ажиллаж,
Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг
бүрдүүлэхээр хичээн ажиллах болно. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд
уулзаж, итгэлцэлд суурилсан яриа хэлэлцээр үргэлжлүүлэх хүсэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.
Шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд албан үүргээ 2021 оны гуравдугаар сарын
01-ээс албан ёсоор хүлээн авах юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна