Газрын тосны үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Админ
13 цаг 14 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Газрын тосны үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хууль санаачлагч дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын стандарт, дүрэм журмыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, төрөөс олгох дэмжлэгийг тодорхойлох, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна