Мексик улсад коронавирусын халдварын улмаас нас барсан хүний тоо пүрэв гарагт Энэтхэг улсын ижил үзүүлэлтийг давжээ. Ингэснээр Мексик халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас гуравдугаарт жагсаж эхэлжээ.
Мексикт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 18670 тохиолдол шинээр илэрч, 1506 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Ийнхүү Мексикт халдвар авсан хүний тоо 1'825'519-т, нас барсан хүний тоо 155'145-д хүрсэн байна.
Харин Мексикээс 10 дахин олон хүн амтай Энэтхэгт коронавирусын халдварын улмаас 153 847 хүн нас барсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харуулжээ. Гэсэн хэдий ч халдвараар нас барсан тохиолдлыг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Мексик нь Их Британи, Чех, Итали, АНУ, Перу, Испани зэрэг улсын араас бичигдэж байгаа юм.
Мексикийн Засгийн газар халдварын тархалтыг сааруулахын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг үл харгалзан тус улсад халдвараар нас барсан хүний тоо олноор нэмэгдсэн хэвээр байна. Мөн Мехико хотод эмнэлгүүдийн ачаалал хэтрэх дөхөж, хүчилтөрөгчийн нөөцлүүр хомсдож байгаа нь өвчтөнүүдийг эмчлэхэд хүндрэл учруулах болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна