Зохиолч Жорж Р.Р.Мартины "Хаан ширээний тоглоом" зохиолоор дахин нэг шинэ бүтээл мэндэлж магадгүй байна. HBO Max уг зохиолоор цуврал хүүхэлдэйн кино бүтээх ажлыг эхлүүлсэн тухай Variety сэтгүүлд эх сурвалжууд мэдээлжээ.
Хөгжүүлэлтийн эхэн үедээ явж байгаа тул цуврал хүүхэлдэйн киноны зохиол дээр хэн ажиллах, ямар уран бүтээлчидтэй хамтрах нь тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар "Хаан ширээний тоглоом" зохиолоос сэдэвлэсэн хоёр ч бүтээл хийгдэж байгаа билээ. Үүний нэг нь Жорж Р.Р.Мартины шинээр гаргах гэж буй "Гал ба Цус" зохиолоос сэдэвлэсэн Таргариений удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цуврал юм. Энэ цувралын эхний бүлэг 10 ангитай байх ба 2022 онд нээлтээ хийх тов гарчээ.

Түүнчлэн Жорж Р.Р.Мартины “Tales of Dunk and Egg” зохиолоос сэдэвлэсэн өөр нэг бүтээлийн хөгжүүлэлт эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ цувралд "Гал мөсний дуун" зохиолд гардаг үйл явдлаас 90 жилийн өмнөх түүхийг өгүүлэх гэнэ. Тодруулбал, Сэр Дункан, залуу Эегон Таргариен нарын адал явдлыг харуулах аж.

Зохиолч Жорж Р.Р.Мартин “Tales of Dunk and Egg” гурамсан романы нэгдүгээр дэвтэр болох "The Hedge Knight"-ийг 1998 онд, хоёрдугаар дэвтэр “The Sworn Sword”-ийг 2003 онд, гуравдугаар дэвтэр “The Mystery Knight”-ийг 2010 онд хэвлэж байжээ. 2015 онд энэ гурвыг нэгтгэн “A Knight of the Seven Kingdoms” нэрээр гаргаж байсан юм.
Эх сурвалж: Variety
Сэтгэгдэл бичигдээгүй байна