Сүүлийн долоо хоногт коронавирусний халдвар 30 хувиар өсжээ

Админ
2021/02/02

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын өвчлөлийн тохиолдол, голомтын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн халдварыг өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулбал илт нэмэгджээ.

Нэгдүгээр сарын 30-ны долоо хоногт, дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдэж өмнөх тохиолдлоос 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

“Хэдийгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсээс гарч байгаа ч тэдний хоёрдогч, гуравдагч хавьтлын хүрээ өргөсөж халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Байгууллагуудын салбар хооронд өчигдөр хийсэн эрсдэлийн үнэлгээгээр, нийслэлийн хэмжээнд халдварын тархалт маш өндөр үзүүлэлттэй гарсан. Нийслэлийн хэмжээний өвчлөл нэмэгдвэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хүндрэх асуудалтай. Сүүлийн батлагдсан тохиолдлууд дунд 65-аас дээш насныхан ч байна.

Тиймээс халдвартай тэмцэхийн тулд иргэд өөрсдийгөө хамгаалах, коронавируст орчинд амьдарч байгаа гэдгээ мэдрэх, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт зүүх, гадуур явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэр бүлийн нэг гишүүн болон албан байгууллагын дотор зохион байгуулалт хийх хэрэгтэй” гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр давтан анхааруулав.

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй хүн байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна