Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Барилгын салбарынхантай өнөөдөр уулзах үеэр хүн амыг орон сууцжуулах зорилт тавин ажиллахад төр, хувийн хэвшлийн түншлэл чухал болохыг онцоллоо.
Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх орон сууц худалдан авахад амаргүй байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр тэмдэглэв. Тухайлбал, уг зорилтод Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буйг тодотгов. Ингэхдээ, хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтална гэлээ. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг онцлов.

Барилгын компанийн төлөөлөлтэй уулзахад, нийслэл газраа үнэтэй өгдөг, мөн эрчим хүчний эх үүсвэр авахад асар их авлига бий болдог, түүхий эд үнэтэй байдаг зэргээс хамаарч орон сууцаа үнэтэй зарахаас өөр аргагүй хэмээн хэлдэг байна. Тиймээс төрөөс хариуцах асуудлыг шийдвэрлэж нэгдсэн зургийн стандартаар орон сууц хямдхан барих боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ. Тэрбээр, "Нэгдсэн зургаар орон сууц барьсны дараа санхүүжилтийн загварыг шийдэх хэрэгтэй. Хэрэв агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд орон сууц авбал, 30 хувийн урьдчилгаагүй зэргээр дэмжих нь зүй. Үүнийг агаарын бохирдлын эсрэг сангаас шийдвэрлэнэ. Мөн тухайн гэр бүлийн гурван үе хамт амьдарч байгаа бол урьдчилгаа төлбөр авахгүй шууд дэмжинэ. Учир нь, тухайн гэр бүл гурав биш нэг автомашин хэрэглэх учраас түгжрэлийн эсрэг бодлогыг дэмжиж байгаа юм. Зургаан сарын хугацаатай цэргийн алба хааж эх оронч иргэнийг дэмжих хөтөлбөрт оролцсон зэрэг шалгуур тавих боломжтой" хэмээв.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хот барихтай холбоотой асуудлыг БХБЯ-наас шийдвэрлэж буйг цохон тэмдэглээд, "Энэ ажил нь нэг яам биш бүх яам, нийслэлийн хамтын ажил. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэг болох боломжтой" хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд "Залуус 1, 2, 3" хорооллыг туршилтаар барихаар бэлтгэж байгааг дурдаад, энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгааг тэмдэглэв. Мөн Хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгааг онцоллоо.
"Залуус 1, 2" хорооллыг Улаанбаатар хотод, "Залуус 3" хорооллыг орон нутагт туршилтаар барихаар зорьж байгаа аж.
Уулзалтад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар болон барилгын компанийн төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна