Турк улсад БНХАУ-ын “CoronaVac” коронавирусын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо 2.13 сая давсныг тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээллээ.
Туркт олон нийтийг вакцинжуулах ажил эхэлсний дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх гуравдугаар сарын 1 гэхэд сургуулиудын танхимын сургалтыг үе шаттайгаар нээнэ гэж мэдэгдсэн юм.
“Туркийн Засгийн газар хоёрдугаар сарын 15 гэхэд тосгодын сургуулиудыг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна” гэж Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлжээ.
Туркт даваа гарагт коронавирусын халдварын 7719 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 2.48 саяд хүрчээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн 2.37 сая нь эдгэрсэн бол 26'117 нь нас барсан байна.
Туркт сүүлийн 24 цагийн хугацаанд 141'703 хүн коронавирусын шинжилгээ өгснөөр улсын хэмжээнд хийсэн нийт шинжилгээний тоо 29'773'125-д хүрчээ.
Хятадын “CoronaVac” вакциныг бүртгэсний дараа коронавирусын вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 14-нд эхлүүлсэн Туркт эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг, дараагийн ээлжид өндөр настнуудыг дархлаажуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна