Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг ахмад настнуудын асрамжийн газар нүдэнд ил харагдах нь сайхан боловч дотроо тун хэцүүхэн газар. Хөгжлийн бэрхшээлтэй, асрах хүнгүй өндөр настнууд очдог тус газарт нэг сарын өмнө 62 настай ахмад настан асрамжийн газрынхаа гадна осгож, нас барсан байдалтай олджээ.
Нас барсан иргэн агаарлахаар нэгдүгээр сарын 03-ны орой асрамжийн төвөөсөө гарч явсныг хэн ч мэдээгүй аж. Тэр өдөртөө эргэж орж ирээгүй ахмад настан маргааш өдөр нь хашааны гаднах хогийн савны хажууд суугаагаараа хөлдсөн байдалтай олдсон байна. Талийгаачийг Цагдаагийн байгууллагаас “ослоор нас барсан” хэмээн тэмдэглэсэн ч тус асрамжийн газрын ажилчид, жижүүрт нэг ч хариуцлага оногдуулаагүй гэнэ.
Гаднаас тусламж, хоол хүнс очдог ч хүрэх ёстой хүмүүст нь хүрдэггүй, асрамжийн газрынх нь хураагаад авчихдаг гэх. Нэгэнт өндөр нас дарчихсан, харж үзэх хүнгүй гээд ахмад настнуудаа бөөрөлхөх тохиол ч ганц хоёроор тогтдоггүй гэнэ. Тойрч суугаад буу халсан төдий хэдэн комедиан нарыг шалгуулах, контентыг нь шүүмжилж, цаг заваа үрэхийн оронд ахмад настнуудаа анхаарлаа хандуулвал яасан юм бэ, УОК, Мэргэжлийн хяналтынхаан...
Батсүмбэр асрамжийн газрын мэдээлэлтэй холбогдуулан жүжигчин Б.Барслхагва өөрийн цахим хуудаснаа "Эндхийн ахмадуудыг үнэхээр дарамталдаг юм байна лээ. Наашаа гэх хүнгүй, хамгаалах үр хүүхэдгүй хөгшчүүдэд яг л шоронгийн хоригдлууд шиг ханддаг! Элдэв тусламж, тоглолтоор хүмүүс очих үед хичнээн сайхан харьцдаг гээч. Тэгээд нөгөө хүмүүс явсан хойно ёстой авир нь гарна даа. Хүмүүс ахмадуудад зориулан авч ирээд тарааж өгсөн бэлгийг нь хурааж авна. Хоолоор нь дэглэнэ, зодох бол наад захын асуудал... Дээр нь асрамжийн настангууд дотор ч янз бүрийн хүмүүс байгаа. Элдэв шорон санаатай муу хүмүүс нь сул дорой нэгнийгээ дарамталж хүчирхийлдэг асуудал ч их байдаг гэж дуулсан. Энэ газарлуу анхаарлаа хандуулаач гэж төр засгаасаа хүсэж байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна