АН-ын дарга, удирдлагууд тамгаа булаацалдаж, хэд дараалан “өвдөг шороодсон” намын хувьд “муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр” гэгч болж буй. Намын тамганы эзэн баталгаажиж байж, АН-ын шинэ дарга тодорно. Тамганы эзэн баталгаажснаар шинэ даргатай болж, цэгцрэх араандаа АН орох магадлалтай. Товчхондоо, намын даргын өрсөлдөөний төлөөх “жүжиг”-ийг найруулах эрхтэй болно гэсэн үг.
Эргэн сануулахад, Ц.Туваан намынхаа X Их хурлаар хэлэлцсэн дүрэмд засвар оруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн нь өнөөдрийн маргааны эхлэл болсон. Намынхаа Үндсэн дүрэмд “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын их хурал эсвэл ҮБХ-гоор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэхүү заалт нь 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл хүчинтэй байна” гэх засварыг шургуулсан нь Х.Баттулга Ерөнхийлөгч АН-аас шууд дэвших эрхийг авах гэлээ гэх хардлагын түймрийг дэвжээж орхисон. Ерөнхийлөгч өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвших эрхийг дүрэмд оруулж, дээрэнгүй загнасан нь одоогийн Ерөнхийлөгчид хасах оноо авчирч, С.Эрдэнийн хувьд эргэж ноцох алтан боломж өгсөн. Энэ нь намынх нь гишүүд, улстөрчдийг Ц.Тувааны эсрэг нэгдэн, нийлэх боломжийг олгочихлоо. Намын тамгаа Ерөнхийлөгчийн “халаасанд” хийх хүсэл сонирхол АН-ын лидерүүдэд байхгүй. Ц.Тувааны ард МоАХ, одоогийн Ерөнхийлөгч байгаа бол нөгөө талд С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд нэгдсэн. Бусад бүлэг, фракцуудын хувьд ажиглах байр сууринаас хандсаар өнөөдрийг хүрлээ.
Тамганы хэрүүл хийж, бужигнуулж буй С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрт хоёуланд нь “но” бий юу гэвэл бий. АН-ын дүрэмд засвар хийсэн өөрчлөлтийг С.Эрдэнэ эсэргүүцэж буйг нь зөв ч тэрбээр намын тамганы төлөө хэрүүл хийх эрхгүй нэгэн. Шалтгаан нүднээ илт. Өнгөрсөн дөрвөн жил намаа хүчтэй удирдаж, сайн сөрөг хүчин байгаагүй, намаа бүлэггүй болгосон, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн нь С.Эрдэнийн үйл ажиллагаатай шууд холбоотой.
Удирдлагуудын маргаан урамтай сайхан урагшлах зуур, ажиглагч залуус нь аргаа барж, залхаж байх шиг байна. Дотооддоо төдийгүй шүүхийн шатанд хүртэл өрнүүн үргэлжилсэн лидерүүдийн “зодоон”-оос залхсандаа тэд, “Нэгд” хөдөлгөөнийг санаачилж, шаардлага хүргүүлж, уулзалт зохион байгуулсан ч хэн хэн нь хамрынхаа үзүүрийг ч цухуйлгасангүй. Эвлэрэх боломж олголгүй эвдрэлцсэн тэд эз азаа үзэж, эзэрхийлэн дийлэхийг л хүсэж буй. Арга ч үгүй биз, АН-ын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх асуудал шийдэгдэх учраас буулт хийх хүсэл, бужигнуулагч хоёр талын алинд ч байхгүй. Нөгөөтэйгүүр, С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын тамганы төлөөх маргаанд лидерүүд нь оролцохгүй зайгаа барьчихсан. З.Энхболд, Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжингээс эхлээд асуудалд эрүүлээр хандаж, намаа эвлэлдэн нэгдүүлэхийн төлөө дуугарч болох байсан ч таг. Угтаа намын залуус, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд дунд үеийн төлөөлөл болсон лидерүүдийнхээ оролцоог хүсэж байгаа ч байр сууриа илэрхийлсэнгүй.
С.Эрдэнийн эзэрхийллээс зугтаж, Ц.Тувааныг өмгөөлмөөр ч зарчмын хувьд зөвтгөх боломжгүй ацан шалаанд орсон хэрэг. Атал С.Эрдэнэ намын даргын сунгааг яаралтай зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг Сонгуулийн хуульд заасны дагуу тодруулахаар бэлтгэл ажилдаа орсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх С.Эрдэнийн УБЕГ-аас авсан тамгыг хүчингүй гэх шийдвэр гаргачихлаа. Харин Ц.Тувааны хувьд С.Эрдэнийг АН-аас хөөх шийдвэр гаргаснаас өөр дорвитой хөдөлгөөн хийсэнгүй, хүлээлтийн байдалтай байсан. Өдгөө хоёр шүүхээс гарсан маргаан эцэслэтэл тамганы маргаан үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Үнэндээ залууст, АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө даргатай болгож, эв нэгдлийг нь хангуулах л чухал. Ерөнхийлөгчийн сонгуульд гурвантаа ялалт байгуулсан АН-ын хувьд энэ бол алдаж болохгүй алтан боломж. Өмнөх сонгуулиудаас илүү өрсөлдөөн өрнөх нь тодорхой энэ цагт АН хүчгүй эв нэгдэлгүй байгаа нь аюул... Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч МАН-аас гадна ХҮН, МАХН хүч үзнэ. УИХ-ын сонгуулийн практикаас харахад АН-ын саналыг ХҮН-ынхан хуваах эрсдэлтэй. Товчхондоо, АН нэг цул болж байж, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцоно. Одоо АН, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үзэл санаан дээрээ нэгдэж чадах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Хэрэв АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэг цул болж орж чадахгүй бол ялагдахад хүрнэ. Ялагдвал, хүчтэй сөрөг хүчний байр сууриа бүрэн алдах билээ.
Эх сурвалж: dailynews.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна