Б.Ундармаагийн хорих ял сэргэх үү

Админ
2021/02/04

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор Мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг. Бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг шүүхээс зөөллөж", "анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.
ПРОКУРОР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ
Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.
ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ БААСАН ГАРАГТ ТОВЛОГДЛОО
Тэгвэл прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 05-нд товлогджээ. Прокурор эсэргүүцэл бичсэнээр шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж, тэр хүртэл Б.Ундармаад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 40 саяар торгох болон суллах шийдвэр нь хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэсэн үү, эсвэл давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн үү гэдгээс шалтгаалж Дээд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх нь. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэж шийдвэрлэх юм бол Б.Ундармаа дахин хоригдох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна